Thursday, January 17, 2013

Залуу зохиолчид ахмад Ардын уран зохиолчид хүндэтгэл үзүүллээ

Монголын “Залуу зохиолчдын холбоо” /МЗЗХ/-ноос өчигдөр Ардын уран зохиолч /АУЗ/ Бөхийн Баастад сар шинийн баярыг угтан хүндэтгэл үзүүлж, өөрсдийн буюу шинэ мянганы яруу найдагчдын ном, бүтээлийн дээжийг өргөн барьлаа. Хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд залуу зохиолч, яруу найрагчдын төлөөлөл болж М.Наранболд, С.Баттулга, Т.Дарханхөвсгөл, Э.Энхболд нар оролцсон юм.
Тэд шинэ мянганы, яруу найрагчдын “Нэн шинэ үеийн яруу найраг” анатологи, О.Цэнд-Аюушийн “Гунигт аяз”, Т.Дарханхөвсгөлийн “Сэтгэлээс цааш”, Э.Гантулгын “Тээр тэнд” яруу найргын,  С.Баттулгын “Ур модны зүүд” үгүүллэгийн зэрэг 30 шахам номыг ахмад зохиолид барив. Ахмад зохиолч тэдэнд хандаж “Монголын зохиолчдын ахмад, дунд, залуу үеийг холбосон ажил дутагдаж байгааг залуу зохиолчид хөндөж буй нь маш зөв.
Та бүхний уран бүтээлд амжилт хүсч, хамтран ажиллах болно” хэмээн урам хайрлалаа. Тэрбээр өдгөө 92 нас хүрч байгаа бөгөөд МЗЭ үүсэн байгуулагдсанаас даруй найм ах ажээ. Мөн АУЗ-дын хамгийн ахмад нь юм байна. МЗЗХ-ны залуу зохиолчид цаашид ч АУЗ-дод хүндэтгэл үзүүлж, оюутан залуучуудын дунд утга зохиолын дугуйлан хичээллүүлэх, нийт зохиолчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг олон ажил төлөвлөжээ. Мөн энэ холбооноос нийт зохиолчдод хандсан сонордуулгыг саяхан хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэсэн байна.


Г.НЯМСҮРЭН

No comments:

Post a Comment