Monday, August 27, 2012

Зэн буддизм ба яруу найраг


2012 оны 6-р сарын 9
Буддизмын нэгэн оргил болох Зэн Буддизм нь 2500 гаруй жилийн өнө удаан түүхэндээ олон шалгуурыг даван 21-р зууны энэ цаг үетэй золгожээ.

Өнөөдөр дэлхийн 67 гаруй улс оронд Зэнгийн төвүүд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь орчин үетэйгээ зохицсон нээлттэй, өргөн цар хүрээтэй аж.


Монголчууд бидний хувьд ч гэсэн өөрийн уламжлалт буддын шашныг шинэ шатанд хөгжүүлэх төдийгүй бусад Буддын шашны урсгал чиглэлийг судлах, суралцах, мэдлэг оюунаа арвитган тэлэх зайлшгүй шаардлагатай билээ.


... Зэн буддизмийн салшгүй нэг хэсэг бол түүний соёл юм. Маш олон хэлбэрээр өргөжин хөгжсөн байдаг. Тэдгээрийн нэг бол Зэнгийн яруу найраг юм. Зэнгийн яруу найраг бол их онцгой өвөрмөц арга барилтай. Тодорхой нэг сэдвийн дор толгой сүүл холболт, айзам, хэмнэл зэрэг энгийн шүлэг яруу найрагт байдаг шиг хэрэглэгдэхүүнийг чухалчилдаггүй. Гоё чамин үг хэллэг болон онцгой содон үгэн дүрслэл бүхий хэв маягт баригддаггүй ажээ. Энэ нь Зэнгийн өөрийнх онцлог зарчимтай холбоотой юм. “Үг болон хэл яриа хэт туйлшран автваас хүн өөрийн мөн чанар хийгээд орчлон ертөнцийн туйлын мөн чанарыг танин мэдэх  боломжгүй болдог” хэмээн тайлбарладаг бөгөөд  үзэл санаа ч Зэнгийн яруу найрагт нэвт шингэсэн байдаг. Зэнгийн яруу найраг ямар  нэгэн хязгаарлагдмал үзэл санаанд хашигдахаас илүүтэйгээр агшин зуурт мэдрэгдэх “цэвэр оюун санааны” мэдрэмжээр бүтээгддэг ажээ. Гэхдээ энэ “цэвэр оюун санааны мэдрэмж“–ийг аливаа ном зохиолоос эсвэл боловсролын түвшингээ дээшлүүлэх замаар  танин  бололцоогүй  хэмээн Зэнд үздэг. Зэнд: аливаа хүн өөрийн  сэтгэлийн жинхэнэ мөн чанарыг буюу “Би“ -гийн мөн чанарыг танин мэдэж чадваас хүний “хүлэгдмэл оюун санаа” тэлэгдэж билэг ухааны чанадад хүрнэ хэмээн тайлбарладаг.


Зэнгийн алдартай их багш нар олон жилийн хатуужилт бясалгал хийгээд амьдралаас урган гарсан бодот туршлагын үр дүнд  “гэгээрэлд“ хүрсэн байдаг. Тийм ч учраас тэдний туурвисан яруу найраг өнөөг хүртэл үнэ цэнэтэйгээр оршсоор байгаа ажээ. Зэнгийн түүхэнд: Хан Шань, Догэн, Башё, Иккю, Ёкан, Бусон, Ван Вэй, Юань Мэй, Ду Фу, Исса зэрэг Зэнгийн маш олон алдартай их багш нар болон яруу найрагчид байжээ. Тэд байгаль ертөнц, үхэл амьдрал, зовлон жаргал, баяр гунигийн тухайд эгэл жирийн  агаад яруу төгс өгүүлдэг.


Зэнгийн эртний яруу найргаас:




Хэн нэгэн суучихсан юм шиг уулсын цохионууд

Үүлэн хувцастай, солонгон бийртэй
Анхилам ойд  амьдрахаар
Урт удаан хэцүү замыг туулсан ч
Зүрх сэтгэл минь эргэлзээ, тээнэгэлзлээр дүүрэн.
“Амьдрал минь ямар ч зорилгогүй  өнгөрлөө”  хэмээн
Зарим нэг нь гасалдаг.
Харин би ганцаар энэ Хүйтэн уулнаа
Даяанчлахаар хатуу шийдэв.



Ууланд  амьдарна гэдэг амрахтай адилгүй

Миний сэтгэл он жилүүдээр уйлнам...  
Өвс ногоо цуглуулж урт удаан амьдралыг хайвч
Харин би үхэшгүй мөнхийн шидийг эс олов.
Миний уудам хөндий, үүлэн хөшиг
Бүтэн сар, моддын гэгээ...
Чухам би энд юуны учир байна вэ?
Яагаад эндээс явж чадахгүй нь вэ?
Зүрх сэтгэл минь гайхам сайхан нарс модонд ховсдуулсан юм болов уу!
                                                   Хан-Шань / Тан улсын үе.,730- 850/            



Шөнө дунд

Давалгаа ч алга
Салхи ч алга
Хоосон завь сарны гэрлээр дүүрчээ...   
                                                       
                                      Догэн / 1200-1253 /



Энэ шөнийн ийм сарыг

Намар дахин хардагсан бол
Би яахин унтаж чадахсан билээ!
                                       Догэн / 1200-1253 /



Цахирмаа цэцэг түүхээр ганцаар хөндий рүү буухад

Газар цан хяруунд битүү хучигджээ.
Бүтэн өдөр цэцэгс хайж явахдаа
Гэнэт хуучны анд нөхрөө санан дурсав.
Алсын уулс, голын тэртээ
Яаж шуухан амьдарч байгаа бол...
Хэзээ бид дахин уулзах юм бол?
Тэнгэр өөд харахад
Нулимс хүзүү даган урсана...                                                        
             
                                                   Рёкан /1758 -1828/
  


Цэцэг өөрөө ч мэдэлгүй эрвээхийг даллана

Эрвээхий өөрөө ч мэдэлгүй цэцгэн дээгүүр эргэлдэнэ.
Цэцэг дэлгэрч эрвээхий сууна
Эрвээхий сууж цэцэг дэлгэрнэ.
Би бусдыг мэдэхгүй
Бусад ч намайг мэдэхгүй
Харин бид өөрсдөө ч мэдэлгүй байгалийн жамыг дагадаг ажгуу.
                                                              
                                                                Рёкан /1758 -1828/

   

Тэнгэрийн мандалд

галуунуудын уран бичлэгийг
сар тамгална...
                             
                                Ёса Бусон / 1716- 1783 /



Хэний хөвсгөр нөмрөг алтан дэлхийг гоёно вэ?

Намрын салхи...
               
                                 Ёса  Бусон / 1716- 1783 /     
                              


Сүмийн том хонхон дээр

эрвээхий нам унтана...
                        
                                  Ёса Бусон / 1716- 1783 /