Sunday, June 10, 2012

Хайрын цагаан уул 1991 Ц. Оюундарь: Зүүд

Хөнжил нэвтлэн, сарны мөнгөн туяа намайг эрхлүүлнэ
Хүүгтэл уурссан салхины элч хөнжилд шурган, саранд тэрсэлнэ
Гайхширсан одод тормолзон дальдчиж, нуугдах газар хайн тэмтчинэ
Галзуурсан шуурган үүлсийг тууж, миний мэлмийг хөшиглөнө

Орог саарал орчлонд би жингүйдэн нисэж
Ороолдсон заяа, жаргал, зовлон бүхнээс дальдчиж
Зүрхнийхээ сувдыг ичимхий оддод бэлэг болгон цацаад
Зүүдний дагинад тэврүүлсээр захгүй тэнгист живнэ

Тэнд миний аньсан шарх бүхэн сэдэрч
Тэнд миний зангирсан нулимас бүхэн мэлмэрч
Оргилд нь хүрээгүй хүсэл эмтэлсэн зүрхийг хөвөрдөж
Очилсон цучил аажуухан сүүмэлзсээр намайг алсаас даллана

Тэнд чи хагацахаас өмнөх хайрын тэнгэр хэвээрээ
Тэнд чи жаргалдаа цадсан энхэр танхил янзаараа
Тэнд салаагүй зам өргөн дардан зурайхуй
Тэвчээр алдруулж чиний халуухан гар магнай илбэнэ

Манан дундаас альсан сормуус итгэл муутайхан сөхөгдөж
Мандсан нарны алтан утсыг сүвлэн сүвлэн дээшлэхүй
Хагацахаас өмнөх хайрын тэнгэрт эрхэлсэн шувуу цуцаж
Хад чулуутай орчлондоо дайвсаар буцаж ирнэ ээ.

No comments:

Post a Comment