Saturday, June 9, 2012

Хайрын цагаан уул 1995 Г. Аюурзана Зузаан: уруулт


Зургар хөмсөгт минь
Зурсан юм шиг нүдэт минь
Шулуун хамар зузаан уруулт минь
Шувуу мэт үл танигдах бүсгүй минь



Хамаг бие сэрвэлзүүлээд хаячихдаг
Хар сормуус, зузаан уруулт минь
Хачин гүн ухлаадастай бошинзот минь
Хасын сийлбэр хүзүүт минь

Гунхсан алхаа тансаг үнэрт минь
Гудамжинд цэх зөрчихөөд эргэж харахын ичгүүрт минь
Гуймаар сул хүүхэн явдалт минь
Ойноос гарамгүй эгдүүт минь

Чамайг харлаа, зургар хөмсөгт минь
Цаашаа юу боллоо, зурсан юм шиг нүдэт минь?
Бүсгүй хүнтэй ойртоод сэрсэн өглөө шиг
Бүхий сэтгэл өег басхүү хоосон байна аа
Зузаан уруулт минь

1994.11.16

No comments:

Post a Comment