Sunday, June 10, 2012

СЭТГЭЛ ЗҮЙ

Өөрийгөө өөрчилж чадвал амжилтанд хүрнэ
 
Бусдыг болон нөхцөл байдлыг өөрчлөх бус харин өөрийгөө өөрчилж, нөхцөл байдалд дасан зохиц.
Энэ бол сэтгэл зүйн хувьд төлөвшиж боловсорсон хүний хоёр үндсэн шинж юм. Сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй, дутуу боловсорсон хүн нөхцөл байдлыг болон бусад хүмүүсийг өөрчлөх гэдэг.
Харин сэтгэл зүйн хувьд төлөвшиж боловсорсон хүн нөхцөл байдалд дасан зохицож, өөрийгөө өөрчилдөг. Боловсорсон ба боловсроогүй хоёр хүн нэг дор байдаг ч хоёр өөр ертөнцөд амьдардаг. Жишээлэхэд, хоёр хүн Хар далайн эрэг дээр наранд шараад хэвтэж байна гэж бодъё. Нэг нь сэтгэл зүйн хувьд төлөвшиж, боловсорсон, нөгөөх нь сэтгэл зүйн хувьд болосвроогүй, түүхий. Далай давалгаантай байжээ. Энэ хоёр хүний хувьд тэр өдрийн тэнгэр нь эрс ялгаатай. Нэгнийх нь хувьд далай давалгаатай болохоор тэнгэр сайхан бол нөгөөхийнх нь хувьд далай давалгаатай болохоор тэнгэр муухай байна. Нэг нь давалгаатайд сэлж чаддаг, нөгөөх нь чаддаггүй.
Хамгийн гайхалтай зүйл нь гэвэл хүнийг сэтгэл зүйн хувьд боловсроод ирэхээр нөхцөл байдал нь дагаад өөрчлөгдөөд эхэлдэг. Өмнө нь далайн хар салхи шиг санаагддаг байсан зүйл нь хэсэг зуурын давалгаа шиг харагддаг. Өөрсдийгөө л биш бол хэнийг ч байсан, юу ч байсан өөрчлөхөд бэлэн байдаг нь невротик буюу сэтгэл зүйн хувьд гүйцэд боловсроогүй хүмүүсийн хамгийн том сул тал нь байдаг юм. Үүнтэйгээ зэрэгцэн сайн мэдэхгүй нөхцөл байдал, олон хүмүүсийг өөрчилж байхын оронд өөрийгөө гэсэн ганцхан хүнийг өөрчлөх, сэтгэл зүйн хувьд илүү боловсронгуй болох нь хавьгүй хялбар зүйл гэсэн бодол толгойд нь огт орж ирдэггүй нь бүр ч хачирхалтай. Гэтэл өөрийгөө өөрчилнө гэдэг нь тийм амар биш ч гэлээ боломжтой зүйл юм шүү дээ. Харамсалтай нь ингэж өөрийгөө өөрчлөхийн оронд буюу амьдралын давалгаатай тэмцэн сэлж сурахын оронд сэтгэл зүйн хувьд боловсроогүй хүмүүс маань эмнэлэг, элдэв халамжийн төвүүд г.м. газрын босгыг элээсэн шигээ амар суухыг дээрд үздэг.
Сэтгэл зүйн хувьд боловсорч төлөвшсөн ба боловсроогүй түүхий хүмүүсийн дээр дурдагдсан ялгаан дээр хэдэн зүйл нэмэх хэрэгтэй байх.
Сэтгэл зүй н хувьд боловсрон төлөвшөөгүй хүмүүс мэддэг байх нь цөөнгүй ч чаддаггүй. Өөрөөр хэлбэл мэдэж байгаагаа хэрэгжүүлж чаддаггүй. Харин боловсорсон хүн бол мэддэг төдийгүй чаддаг. Ийм ч болохоор боловсроогүй нь шүүмжилж, боловсорсон нь хийж, бүтээж байдаг.
Боловсроогүй хүмүүс юуны түрүүнд хувийн амьдралаа төвхнүүлж байгаад дараа нь ажил хэргээ бүтээх гэдэг. Үр дүнд нь аль аль нь бүтэлгүйтэж бусдын эрхэнд ордог. Харин боловсорсон хүн бол эхлээд өөрийнхөө ажил хэргийг бүтээж, хэнээс ч хараат бус, бие даасан хүн болдог. Ингэх явцад нь хувийнх нь амьдрал аяндаа төвхөндөг.
Боловсорсон хүний хэрэгцээ нь ажил хэрэ, амжилт бүтээлээс нь үүдэлтэй, урган гарч ирдэг. Харин сэтгэл зүйн хувьд боловсроогүй, түүхийгээрээ байгаа хүн нь юу ч хийлгүйгээр зүгээр л боловсорсон хүмүүсийн хэрэгцээг нь дөвийлгөн хуулбарлаж байдаг. Нас бие гүйцэж том болсон ч гэлээ эцэг, эхээрээ тэжээлгэж суудаг хөгшин хүүхдүүдийн хэрэгцээ нь үүний нэг жишээ.
Боловсорч гүйцээгүй хүн үр дүнгийн талаар боддог бол боловсорсон хүн ажил хэргийнхээ талаар боддог. Боловсроогүй, түүхийгээрээ байгаа хүн байгаа, авбал зохихоосоо хавьгүй илүү хүсч байдаг болохоор байгаа юмаа ч алдаж таарах нь цөөнгүй. Сэтгэл зүйн хувьд боловсорч гүйцсэн хүн өөрт байгаа юмандаа сэтгэл хангалуун байдаг болохоор аяндаа юмс дээр нь нэмэгдээд ороод ирдэг.
Сэтгэл зүйн хувьд боловсорч гүйцээгүй хүн бусдаар ажлаа бүтээлгэх, амжуулуулахыг хүсдэг бол боловсорсон хүн өөрийнхөө ажлыг өөрөө амжуулдаг.
Түүхий хүн найддаг байхад боловсорсон хүн ажиллаж байдаг. /Суугаа цэцэнээс гүйдэг тэнэг нь дээр/
Боловсроогүй, түүхий хүн бусдыг удирдах, чиглүүлэх гэдэг бол боловсорсон хүн өөрийгөө л удирддаг.
Сэтгэл зүйн хувьд боловсроогүй, түүхийгээрээ байгаа хүн өөрийгөө бодит дүрс гэж бодсон хоосон чимэг, зураас төдий. Ийм болохоор үргэлж хэнд яаж харагдаж байгаа бол гэж санаа зовж явдаг. Харин сэтгэл зүйн хувьд боловсорсон хүн бодит дүрс, үнэхээр байгаа зүйл мөн болохоор хэнд яаж харагдах бол гэж санаа зовдоггүй.
Боловсроогүй, түүхийгээрээ байгаа хүн эхлээд шийдвэр гаргачихаад дараа нь баримт, нөхцөл байдлыг түүндээ тохируулах гэдэг. Ийм ч болохоороо их хартай, сэжиглэмтгий байдаг. Харин сэтгэл зүйн хувьд боловсорсон хүн эхлээд баримт, мэдээлэл цуглуулаад, түүн дээрээ тулгуурлан шийдвэр гаргадаг. Ийм болохоор боловсорсон хүмүүс нээлттэй байдаг.
Түүхийгээрээ байгаа хүн хувь хүний хувьд өсөн дэгжиж, шинэ шинэ дадал, туршлагатай болохыг эрмэлдэггүй атлаа өндөр байр суурьтай, олон юмтай байхыг хүсдэг. Харин боловсорсон хүн шинэ шинэ дадал, туршлага олон авч хувь хүний хувьд өсөн дэгжихийг эрмэлзэж, энэ талаар анхаарал тавьж явдаг. Хувь хүний хувьд өсөн дэгжих явцад нь өндөр байр суурь, хөрөнгө мөнгө нь дагавар бүтээгдэхүүн нь болоод ороод ирдэг.
М.Е.Литвакийн “Эр бэлгийн эсийн зарчим” номноос.

No comments:

Post a Comment