Sunday, June 10, 2012

Ц. Доржсэмбэ: Зүгээр л үлгэр

 


































Хий үзэгдэл адил яруу найрагч
Яруу найрагч адил хий үзэгдэл
Өвгөн модны гол дотор
Өөрийгөө оруулж суулгаад
Өвгөн модны хатингар мөчрүүдийг
Гайхалтайгаар навчлууллаа
Навчис нь олон ногоон мэлхий шиг
Мөчрүүдээс нь зүүгдэн дэвхцэнэ.
Яруу найрагч адил хий үзэгдэл
Хий үзэгдэл адил яруу найрагч
Өвгөн модны гол дотроос
Өөрөө нэг л өдөр гараад явахад
Хатингар мөчрүүдээсээ
Ханзран тасраад газардах навчис
Олон шар ангаахай болоод
Зам хөндлөн гарах гэж гүйлдэнэ
Зол заяагүй тэдний дээгүүр
Цаг хугацаа шиг хурдан
Цаг хугацаа шиг удаан
Олон тэрэг давхилдан өнгөрлөө
Олон тэрэгний дугуйнд
Оногдоогүй ганц ногоон навч
Хий үзэгдэл адил яруу найрагч
Яруу найрагч адил хий үзэгдлийн
Мөн чанар нь мөн байлаа
Түүнийг ажигч өвөл даанч
Тэнгэрлэг өнгөний мэдрэмжгүй


Яруу найрагч Ц. Доржсэмбэ
" Харсан тэнгэр" ном 30-р тал

No comments:

Post a Comment