Wednesday, June 13, 2012

Зэн Буддизм

Зэн буддизм нь буддизмийн нэгэн салаа мөчир бөгөөд Хятад, Япон зэрэг орнуудад илүү эрчимтэй хөгжиж, өдгөө барууны орныг байлдан дагуулж байгаа сэтгэлгээний чухал чиглэл юм.
Шагжамүни буюу Бурхан багшийн 28 дахь залгамжлагч шавь Бодхидхарма гэгч гэгээнтэн анх энэтхэгээс Хятадад очиж Зэн анх үүссэн гэсэн түүх байдаг. Хэдийгээр өнөөдөр дэлхийн их олон оронд Зэн буддизм хөгжиж байгаа боловч анх Япон улсад эрчимтэй хөгжиж байсан болохоор нь япон дуудлагаар нь ЗЭН хэмээн олон улсад нэрлэгддэг болсон байна.
Зэн гэдэг үг нь Монгол хэлээр бол Даяан, Солонгосоор Сон, Хятадаар Чань, Виетнамаар харин Тхянь гэх мэтээр нэрлэгддэг байна. Энэ нэршлүүд нь бясалгах гэсэн утгатай самгарьд үгнээс гаралтай.
Зэн-ийн ерөнхий анхан шатны ойлголт гэвэл Элдэв шашны зан үйл хийгээд уламжлал зэргийг шууд дагалгүйгээр гэгээрэлд хүрэх гэсэн утгыг агуулж байдаг. Өөрийн дотоод билгүүн чанарыг хөгжүүлснээр гэгээрэх учиртайг зааж байсан Бурхан багшийн үеээс шууд дамжин ирсэн сургаал гэж мөн ойлгож болно.
Зэн бол амьдралын аахар шаахар зүйлд баригдахгүй, сэтгэлээ хүсэл шунал хийгээд уур хилэнгээр зовоохгүй байж, хязгааргүй эрх чөлөөг жинхэнэ утгаар нь амсаж танихыг урлаг мөн гэж нэгэн алдарт Зэн мастер хэлсэн байдаг. Ер нь гэгээрнэ гэдэг бол аливаа баяр хөөр, айдас, шунал хүсэл, уур хилэнгээс сэтгэлээ бүрэн чөлөөлж туйлыг амар амгаланг олох, түүнийхээ үрээр бүхий л хорвоо ертөнц хоосон чанартайг ухаарч улмаар амьдралын зовлонгоос ангижрахуйн нэр болно. Зэн-ийн бясалгагч хүний нүдээр ертөнцийг харвал сэтгэлгээний ямар нэг загвараас бүр мөсөн татгалзаж, логик дүгнэлт нотолгоо, үгүйсгэл зэргээр оюун ухаанаа хязгаарлахгүйд оршино. Сэтгэлгээг хязгаарлахгүй, логикийн хүрээнд баригдахгүй тэгсэн атлаааль нэг тийш хэлбийж туйлшрахгүй, аливааг байгаагаар нь бодитой, илүү өргөн утгаар нь харна гэдэг эрүүл саруул сэтгэлгээний чухал тал болох нь гарцаагүй шүү дээ.

Зэн буддизм нь үндсэн 2 чиглэл урсгалтай.
1. Ринзай Зэн нь агшин зуурт гэнэт цахилгаан цахих мэт бүхний учрыг ухаарах явц буюу багш нь шавийгаа гэгээрэлд хөтлөн өдөөгч КОАН гэж нэрлэгддэг өвөрмөц хэлцээр дадлагажуулж гэгээрлийн шатанд хүргэдэг арга юм. Энэхүү агшин зуурын гэрлийн гялбаа мэт гэгээрлийн түвшинг САТОРИ гэж нэрэлдэг.
2. Сото Зэн. Энэ урсгал нь хүн анх төрөхдөө л Буддагийн мөн чанартай байдаг ба гагцхүү ахуйн нөхцөл, гадаад ертөнцийн нөлөөнөөс бурханлиг чанараа гээдэг. Тиймээс гэгээрэх арга нь өөрийн дотоодод байгаа үйлийн үр /Санкара/-г бясалгал хийн сууж устгах Випашяна буюу японоор Дазэн бясалгалыг хийдэг ажээ. /Бясалгалын техник маш нарийн тул нуршихгүйн тулд бичилгүй үлдээлээ/ Бясалгал гэдэг бол ямар нэгэн үр дүнд хүрэхийн тулд биш бөгөөд харин бясалгах явц нь өөрөө гэгээрлийн ариун чанарыг агуулж байдаг.
Тиймээс Зэн гэдэг бол дотоод эрх чөлөөний мэдрэмжид нэвтрэхүй юм. Гэхдээ Зэн-г энд миний бичсэн төдийхнөөр дүнэх арга байхгүй. Хэрэв дүгнэгдэг болж байгаа аваас тэр бол үнэндээ Зэн биш юм шүү.

Г.Аюурзана Зэн буддизм-Амьдралаас ангижрахуй

No comments:

Post a Comment