Sunday, June 10, 2012

Ярилцлаг

Модернист яруу найрагч Б. Галсансүхтэй ярицлаа. Тэрбээр бидний гаднаас нь дугнэдэгчлэн гаж, этгээд нэгэн боловч дотор хун нь төсөөлснөөс өөр юм. Тиймдээ ч "Нэг олдсон амьдрал гээд эд мөнгө, нэр төрийн хойноос хөөцөлдөхийг хусдэггуй. Зугээр я өөрийнхөөрөө, байгаагаараа туулаад өнгөрүүлмээр байна" гэсэн биз ээ.



-Та шинэ номоо хэвлэлтээс ирэхээр ярилцлага өг нө гэж байсан. Ном тань ирчихсэн үү?
-Өвөр монголын Шилийн гол аймгийн яруу найрагч Хас-чулууд хоёр жил гаруйн өмнө "Бурханд хэлэх зөвлөгөө" номоо бэлэглэж байсан чинь сая монгол бичигт хөрвүүлээд явуулчихаж. Өнөөдөр авлаа.
Би уйгаржин бичигт маруухан, гэхдээ өөрөө бичсэн юм болохоор гадарлаад байна аа. "Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ" гэсэн мөрүүдийг хүртэл хасалгүй тэр чигээр нь хэвлэчихэж, өнөөдүүлд минь зүгээр л юм байх даа. Өвөрмонголд ном гаргах хэцүү байдаг бололтой. Утга агуулгын талаасаа, зөвшөөрөл авах энэ тэр гээд асуудал байна. "Хараар гаргах" буюу өөрсдөө сайн дураараа ном хэвлүүлээд тараадаг арга ч байдаг гэсэн. Ямар журмаар хэвлүүлснийг нь мэдэхгүй.
-Аравдугаар сарын асгрсан бороотой өдөр ном тань урдаас ирсэн юм байна. Ямар мэдрэмж төрөх юм дээ?
-Би байнга шүлэг бичээд байдаггүй гэдгээ ярилцлага" өгөх бүртээ хэлдэг. Хар номоо гаргаснаас хойш ганц ч шүлэг бичилгүй хэдэн жил болжээ. Гаргая гэвэл сард нэгийг хэвлүүлээд байсан ч чадна л даа. Тэгж өөрийгөө давтах сонирхол алга. Өөрийгөө цаг хугацаа, орон зайгаар цэнэглэж байгаад бичихэд огт өөр шүлэг төрдөг. Цаг хугацаа алсрах тусам ертөнцийг үзэх хүний үзэл, бүх юм өөрчлөгддөг юм байна."Хүн судлал", "Яруу найргийн шинэчлэлийн төлөөх 100 жилййн дайн" хоёроос хойш 10 жилийн дараа "Постмодерн дөрвөн улирал, "Сэтгэл гэдэг эрхтэн" номуудаа хэвлүүлсэн. Өөрийгөө албадахгүй байгаа. Тэгж байгаад бичих байлгүй.
-Дараагийн ном тань тэгвэл уншигчдыг нэлээд хүлээлгэх юм байна даа?
-Олон ном гаргаснаараа сайн болдоггүй гэж боддог. Францын яруу найрагч Шарль Бодлерын "Нүглийн цэцэг" гэдэг ганц ном түүнийг Францын модерн яруу найргийн эцэг гэж хүлээн зөвшөөрүүлсэн. Би саяхан Францын билиг танхай яруу найрагчдын тухай сонирхолтой ном уншлаа. Артюр Рембо, Шарль Бодлер, Пол Верлен, Стефан Малларме нарыг яагаад билиг танхай, ямар учраас хараал идсэн яруу найрагчид гэдгийг нь тайлбарласан. Тэнд нэг сэтгэл судлаач 40 наснаас хойш бичвэл тэр хүний сэтгэл эрүүл бус байгаагийн шинж гэж үзсэн гэнэ. Гэтэл би одоо 39 настай, нэг хоёр жил үлдээд байгаа бололтой. Түүнээс хойш шүлэг бичвэл “ёо ёо”-той болох юм байна даа гэж бодлоо.
- Тэрнээс өмнө шүлэг “үйлдвэрлэх” хэрэгтэй болох нь дээ.
Гэхдээ тэр бол европ сэтгэлгээгээр бодоход магадгүй. Германы яруу найрагч Гёте гэхэд л 86 насандаа Мариенбадын рашаан сувилалд амарч байхдаа 18-тай охинд дурлаад алдарт "Мариенбадын элеги" хэмээх цуврал шүлгүүдээ бичсэн. 18 настай охинд дурласан өвөө гээд бодохоор эрүүл биш ч юм шиг. Гэхдээ яруу найраг гэдэг онгодтой холбоотой болохоос нас хамаагүй болов уу. Дорно дахинаас үзэхэд Ли Бай ч гэсэн 50, 60 хурчихээд сайхан сайхан шүлэг бичиж л байсан.
-Ажил, амьдралаа залгуулах гэж хөдөлмөрлөхийн хажуугаар ном унших цагийг өөртөө ямагг гаргана биз?
-Тийм ээ. Талхныхаа мөнгийг олох гэж яваад, цаг гарвал ном уншина. Кино үзэх дуртай. Хөгжим сонсох ч бас сайхан.
"Ноцтой мэдээ" сониноо гаргаад нэлээд удаж байгаа. Борлуулалт гайгүй байдаг юм шиг байна лээ.
-Ямар ч гэсэн энэ сонин, өөрийн минь болоод өрөөлийн амьдралыг залгуулаад л байна. Өдөр тутмын сонинд бол цаг агаарын мэдээ тавиад, цагдаагийн газар руу утасдаад гэмт хэргийн мэдээгээр дүүргэдэг байж болох байх л даа. Гэхдээ сонинуудыг өөр өөрийн бодлоготой байгаасай гэж би боддог. Тийм учраас би сониндоо "Хятадад уусах аюулаас сэрэмжлэгтүн" гэсэн булан нээгээд бичиж байна.
-Та өөрөө бичиж байгаа юмуу?
-Би ч заавал өөрөө бичээд байгаа юм алга. Сурвалжлагч нартайгаа харилцан ярьж байгаад хүн уншихад сонирхолтой юм хийхийг зорьж байна. Хүн сонин унших гэж худалдаж авдаг болохоос реклам үзэх гэдэггүй байхгүй юу. Өдөр нь ажлаа хийгээд шөнө нь баар хэсээд яваа учраас үүнийг мэдэгдэхгүй л байгаа болохоос өнөөдөр Улаанбаатар хот хятадаар “буцалж” байна шүү дээ.
-Саяхан хэвлэлийн хурал зохнон байгуулаад байсан. Гэнэт тэгэхээр тань гайхсан
-Хуулийн байгууллагаас авлига, хүлээлт хоёрыг зайлуулъя гэж арга ядсандаа л ийм хурал хийж байна шүү дээ. Хүмүүс их хурлын 76 гишүүнийг шударга байвал бүх юм болчих мэт ярьцгаадаг. Би харин эсрэг бодолтой байна. Би харин эсрэг бодолтой байна. Хуульчид шудрага байсан цагт л нийгэм цэвэршинэ. Би үүнийг биеэрээ мээрч яваа хүн. 2010 оны зургадугаар сард болсон зам тээврийн осол одоо хүртэл шийдэгдээгүй. Анх ослын газарт ирсэн хүмуүс "Нөхөр Галсансүх замын хөдөлгөөний ямар нэгэн дүрмийг зөрчөөгүй, нөгөө хүнийг эсрэг урсгалд орж хүний машин мөргөсөн байна" гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл өөрийгөө цагдаа гэж "тодроод" байсан өнөөх залуу "Дахиж дүгнэлт гаргуулна" гээд байсан чинь 50, 50 хувийн буруутай болгуулчихдаг юм байна. Тэгэнгүүт нь би гомдол гаргаад, дахиж дүгнэлт гаргуултал Галсансүхийн 100 хувь буруу болоод хувирчихсан. Анх ослын газарт ажилласан Ууганбат гэдэг цагдаагийн нөхөртэй таараад, гурав дахь дүгнэлтийг нь үзүүлсэн чинь» "дандаа хурандаа нараар дүгнэлт гаргуулчихаж. Наадах чинь арын хаалга сайтай цагдаа юм байна" гэсэн. Тэгээд л би одоо өөрөө буруудчихаад байж байна.
-Сонгууль дөхөхөөр янз бүрийн шалтаг гаргаж ирээд, хэвлэлийн хурал зохиож олны анхаарлыг татах гэсэн нөхөр олширдог.
-Нийгэмд бугшсан бузар булайг арилгахаар дуугарч байгаа бол сайн хэрэг. Ийм байхад бүгд бухимдах нь аргагүй шүү дээ. Гэхдээ би нэг л зүйлийг боддог. 2008 оны долдугаар сарын 1 юу ч биш, магадгүй энэ сонгуулийн дараа иргэний дайн бүү гараасай гэж.
-Та өөрөө Ардын намын гишүүн байх аа. Хэзээнээс, ямар учраас энд хүчин зүтгэсэн юм бэ?
-1996 оны сонгуулийн дараа хуучин МАХН-д гишүүнээр элссэн. Тэр үед би "Ардын эрх" сонинд сурвалжлагч байсан. Залуу ч байж. Ху намын цагаан байрны өмнүүр өнгөрч яваад харсан чинь их өрөвдөлтэй санагдсан юм аа. Багширч байдаг машин тэрэг нь ч байхгүй, үүдэнд нь ганц нэгхэн 'УА3-469" зогсчихсон байхыг хараад шууд элсэхээр шийдсэн. жижүүр нь "Сонгуульд ялагдсан намд элсдэг хачин хүүхэд вэ? гээд инээж байсан.
-Та хэн нэгаээс өөр байхыг хүсдэгээ хэзээнээс мэдрэв?
-Арван настайдаа шүлэг бичиж эхэлснээс хойш мэдэрсэн гэхэд болно. Бусдаас өөр байхыг хичээхдээ бус, зүгээр хувь тавилан минь энэ юм болов уу. Хорин есөн жил заримд нь "гажиг" хэмээн дуудуулж амьдарлаа. Надад дургүй хүн олон байдаг. Би ямар тэдэнд "Үгүй ээ, надад дуртай бол" гэлтэй биш.
-"Гол" газраа архины шил бариад авахуулсан нүцгэн зургаа номынхоо нүүрэн дээр гаргах зориг таны залуу насных уу?
-"Хүн суддал" нэртэй ном гарах болсон чинь зураг чимэглэл хэрэгтэй гэтэл надад нүцгэнээрээ зургаа авахуулж өгөх хүн олддоггүй. "Чи миннй номын хавтсан дээр нүцгэн зураг авахуулаад өг" гэлтэй биш. Цаад хүмүүсийн тавьсан шаардлагыг биелүүлсэн, тэ-\гээд л тэр. "Хар сарнай"-гийн Амараа бид хоёрын хувьд энэ бол байнга яригддаг сэдэв.
-Гаж гэгддэгийн хувьд одоо харин танаас тийм зориг гарах уу?
-Үгүй ээ үгүй. Сэтгэлгээ гэдэг өөр юм. Хэлбэрдэх гэдэг бас оор. Би л өвөрмөц хүн гээд балайраад байвал хүний элэг доог болно биз дээ. Хөгширч үхэх гэж байж.
-МҮОНТийн "Шинэ цаг" яруу найргийн уралдаант нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан. Та шинэ цагийнхнаас юу хүлээж байна вэ?
-2010-аад оны яруу найргийн төлөөлөл залуучуудаа харж байхад нэг их гомдмоор юм байна аа. Бид ч гэсэн эдний насан дээр Б. Лхагвасүрэн, О. Дашбалбар юу юм гэж бодож л байсан. Тэрэн шиг эд маань Галсансүх юу юм гэж бодох л байх. "Бидний үед ийм байгаагүй юм" гэж хүн залуу үеэ муулдаг шиг би тэгэх гээгүй. Гэхдээ одоо манайханд байгаа том дутагдал шүлгээ сайн бичихийг бодох бус хурдхан олны өмнө гарч, алдаршихыг хүсдэг. Энэ тухай би цөөнгүй удаа үглэж хэлдэг.
Миний багш Н.Нямдорж хэмээх сайхан яруу найрагч байлаа. Би тавдугаар ангаасаа эхлээд сургуулиа төгстөл зуны амралтаараа Эрдэнэт явж, энэ хүний дэргэд шүлгээ бичдэг байсан. Өдөрт нэг шүлэг бичүүлээд, "Олон дахин хуулж бич, тэгэх тоолондоо нэг үгийг засаж бай" гэдэг. Гуч, дөчин удаа хуулж бичихэд үг бүрийг нь зассаар нөгөө богинохон шүлэг чинь орой гэхэд шал өөр болчихдог. Зовооно гэхэд хаашаа юм, ямар ч гэсэн энэ сургуулиар би хүмүүжсэн. Шүлгээ засаж сайжруулахын оронд хүмүүст өөрийгөө харуулахыг гол болгоод байна. Дээрээс нь энэ үеийнхэн ном огт уншихаа больжээ.
-Хүнд харагдах, олны сонирхлыг татах тал дээр танд ч гэсэн РR байдаг л биз дээ?
-РR гэх нь хаашаа юм. Тухайлбал Б. Лхагвасүрэн гуайг үсээ ургуулж эхэлснээр "Яруу найрагчид ийм байдаг юм байна" гэх ойлголт төрсөн ч юм бил үү. Энд нэг дурсамж хэлэхэд, дөрөвдүгээр ангид байхдаа би Хэнтий аймгаас ирээд, тавын дэвтрийг дуустал бичсэн шүлгээ БЛхагвасүрэн гуайд үзүүлэхээр Монголын радиогийн үүдэнд өдөржин болж билээ. Танихгүй бо-лохоор урт үстэй хүн гараад ирэхээр л 'Та Лхагвасүрэн гуаймөнүү" гээд гүйжочно. Тэр үед энэ эрхэм тамхиа татангаа шүлгүүдийг минь уншиж байснаа "Бичээд бай, хүү минь, бичээд бай" гэчихээд явж билээ. Энэ хүнийг би агуу яруу найрагч гэж хүндэлдэг. Энэ цаг үеийнхнээс ямар ч гэсэн үлдэх хүн. Би "Лхагвасүрэн гуай" гэдэг. Хүмүүс Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг гээд л томордог юм билээ. Хүндлээд шүлгийг нь унших гэж л байгаа бол ядаж гуайлах хэрэгтэй шүү дээ.
-Та хожим ямархуу өвгөн болсон байх бол?
-Би хийх юмгүй, гадаа нарлаад сууж байгаа өвөө, эмээ нарыг хараад их өрөвддөг. Хөгшчүүлээ юм хийсэнгүй гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ би өвгөн болоод нүд маань сохорчихгүй бол ямар ч гэсэн шүлгээ зогсолтгүй бичиж, ном унших болно. Надад шатар, даалуу тоглох зав гарахгүй. Харин ч жинхэнэ юм хийх нас гэж бодож байна. Өтөлсөн ч хийх ажилтай хүн шүү, би. Одоо бол талхныхаа мөнгөний төлөө явж байна. Тэртээ тэргүй улс надад тэтгэвэр өгөхгүй нь ойлгомжтой. Хятадууд шиг авсныхаа мөнгийг хүртэл бэлдэх хэрэгтэй биз дээ.
-Хүний буруу, зөвийг шүүх эцсийн зогсоол болох үхлийн тухай юу гэж боддог вэ?
-Өчигдөрхөн таван настай хүү минь надаас "Аав, аа би хөгшрөөд үхэх үү" гэж асууж байна. Таван настай хүүхэд хүртэл үхлийн тухай бодно гэхээр энэ бол мөнхийн сэдэв.
-Тийм жаахан амьтан юу гэж төсөөлж байгаа юм бол?
-Би харин тэгж асуусан. Гэтэл "Би үхвэл энд байхгүй болчихно. Тийм учраас хөгшрөөд үхэх үү" гэсэн, Тэгэхээр нь "Заавал хөгшрөх албагүй. Чи залуудаа ч үхэж болно" гэж хариулсан. Миний бодлоор үхэл бол айгаад, сүйд болоод байх зүйл биш. Үхэхээсээ өмнө, бүхнийг амжуулна гэж би яардаггүй. Үхлийн талаар би 90-ээд онд "Салах ёс" гэдэг сонин хүртэл гаргаж байлаа.
-Тэгвэл үхэхгүй юм шиг шуналтаж байгаа хүмүүст та юу хэлэх вэ?
-Манай нэг найз "Эрэл"-ийн Эрдэнэбат мэтийн хүмүүс Монголын ард түмэнд өдөрт гурван удаа сунаж мөргөж байвал таарна" гэж хэлдэг. Үүнийг би шуналын тухай ойлголтын хамгийн зөв илэрхийлэл гэж боддог. Монголын ард түмний баялгаар хөлжиж байгаа, бидэнд мах, талх, архи худалдаж байгаа бүх шуналтан нүглээ нимгэлэхийн тулд өдөр бүр мөргөж байх ёстой.
-Хүн болгон мууг нь илүүтэй харж байгаа энэ нийгмээс танд магтах зүйл байна уу?
-Байлгүй яахав. Сонгууль дөхөөд ч тэр юм уу, өнөөдөр "Монголыг хэн сайн муулах вэ" гэдэг уралдаан зарласан юм шиг л хүмүүс бүгдийг доош нь хийгээд байх боллоо. Бүх хүн улс төр яриад эхлэхээр энэ нь солиорол болж байна. 'Төр засаг юу ч хийхгүй байна" гэх юм. Төр юуг нь бэлдэж өгөх ёстой юм. Тэр хүмүүс төрийн өмнөөс амьдрах гэж ирээгүй биз дээ.
-Эмэгтэйчүүд таны амьдралд том орон зай эзэлнэ биз?
-Эмэгтэй хүнгүйгээр эрчүүд бид чинь хаа холдох билээ. Тийм учраас би "Нисванис" хамтлагт "Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч" гэдэг дууны үг зохиож өгсөн.
Тэнд миний эмэгтэйчүүдийг үзэх үзэл тэр чигтээ багтсан. Эмэгтэй хүн ухаантай байхад л болно. Өнөөдөр би ээжгүйгээр, эмээгүйгээр, эхнэргүйгээр яах билээ. Гурван Э-д би их хайртай.
-Өнөөдөр монгол эрчүүд арчаагүй байгаа учраас эмэггэйчүүд бие дааж амьдралаа авч явах гээд гэр бүл салах боллоо гэдэг. Та санал нийлэх үү?
-Монгол эрчүүд арчаагүй гэдэгтэй хэзээ ч санал нийлэхгүй. Харин ч тэд ухаантай тулдаа энэ улс орныг авч яваа юм биш үү. Тэгш эрх, жендерийн асуудал гэдэг улс төрд орсон мөнгөтэй авгай нарын ярьдаг зүйл. Өнөөдөр Монголын хамаг л ухаантай, чадалтай эрчүүд гадагшаа гарлаа гэдэг. Би тэднийг урвагч гэж хэлнэ. Баян чинээлэг болохоор нь эх орондоо эргэж ирэх юм гэнэ. Тэгээд бас насны эцэст Монголдоо ясаа тавина гэдэг. Монгол оршуулгын газар уу. Бидний бүтээж цогчлоосон сайхан бүхэн дээр тэд ирээд, ясаа тавих гэнэ. Үр хүүхдээ гадаадад боловсрол эзэмшүүлээд, сайхан хүн болгоно гэж тэд ярьдаг. Эцсийн эцэст тэр хүүхдүүд нь хэзээ ч Монголд ирэхгүй шүү дээ. Гадаадаа шүтсэн амьтад л өсөж томорно.
Галсансүхийг багадаа үлгэр жишээч хүүхэд байсан гэж сонсоод гайхаж билээ. Гэтэл тэрбээр хичээл тарсны дараа хүүхдүүдийг зүлгэн дээр явуулахгуй гэж эргүүл хийдэг,өглөө эрт босоод хичээлээсээ хоцордог хүүхдүүдийн гэрийн гадна бүрээ үлээж сэрээдэг, 07.00цагт Монголын радиогоор сурагчдад зориулсан нэвтрүүлэг явангуут бцчиж аваад, өдөр хичээлийн завсарлагаар ангийнхандаа уншиж өгдөг байжээ.

No comments:

Post a Comment