Sunday, June 10, 2012

ДУУНЫ ТУХАЙ ДАХИН СОНИРХУУЛАХАД

Энэ удаад би манай үгийн уран дархчуул дууны шүлгийг хэрхэн онгодтой, тэр даруйд нь хурдан бичиж байсан талаар сонссон дуулснаа хуваалцая. Р.Чойномоос эхлэе. Тэр бол дууны шүлгийг бүү хэл том бүтээлүүдээ ч онгодтой, хурдан туурвиж байснаараа алдартай найрагч. Тухайлбал “Хүн” романыхаа төгсгөлд:
Хоёр жил гаруй бодсон юм сан
Хорин ес хоног бичсэн юм сан
гэсэн байдаг. Нэлээд томоохон шүлэглэсэн романыг 29 хоногт бичнэ гэдэг урд хожид үзэгдэж дуулдаагүй “хэрэг” байсан бололтой, энэ мөрийг нь өлгөж аваад “биеэ тоолоо, сагсуурлаа” гэхчлэн тухайн үед нь нэлээд дайрч давшилж байжээ. Харин Ш.Сүрэнжав хожим нь: “Үнэн л юм чинь дээ” гэсэн. Тэгэхээр Р.Чойномын хувьд бол гурван бадаг дууны шүлэг зэрэг бол “үдийн будаа” бүү хэл “өглөөний кааш” болох нь ойлгомжтой. Үүний тод жишээ нь хөгжмийн зохиолч Мэндбаяртай Дугуй ресторанд пиводож суухдаа ам арчдаг салфетка – цаасан дээр тэр дор нь бичиж өгсөн “Алтан гургалдайн дуугаараа” дууны шүлэг юм.
Хөгжмийн зохиолч маань тэр үед дуурийн дуучин Аюушийн Загдсүрэнд дурлачихаад, тэр амттайхан “зовлонгоо” эрхэм найрагч-д  итгэн “гомдоллохуй” дор, танхай нарйагч “гар дорхи материал” – салфеткийг шүүрэн авч дээрх алдарт дууны шүлгийг дор нь бичиж өгөөд “За чи тэгээд дурласан л юм бол, хөгжмийн зохиолч ухаантай юм бол наад шүлгэндээ ая зохиогоод тэр дурласан дуучин хүүхэндээ  өгч дуулуулахгүй юү дээ” гэж “даналзсан” байгаа юм. Цаадах нь ч үнэхээр дурласан байж, авьяастай ч хөгжмийн зохиолч аж, та бид энэ сайхан дууны жигүүр дор хэдэн үеэрээ өсч өндийж явах шив дээ.
Р.Чойномын бас нэг маш сонин бүтээл, маш сонирхолтой хэлбэрээр бүтсэн бас нэг дуу бол хөгжмийн зохиолч Х.Баатартай хамтран бичсэн энэ дуу юм. Найрагч дэвтэр дээрээ
Зүйл зүйлийн цэцэг хуар нь хө
гэж бичихэд Х.Баатар гитараар (төгөлдөр хуур дээр?) эхний энэ мөрөнд нь ая оруулангуут Р.Чойном
Зүлгээ дагаад ургаа юу даа хө
гэж 2-р мөрийг зохиоход хөгжмийн зохиолч мөн тэр дор нь ая хийх маягаар энэ дуу мэндэлсэн түүхтэй.
Бас яг иймэрхүү маягаар шүлэг, хөгжим нь зэрэг бүтсэн дуу бол Б.Явуухулан, Д.Лувсаншарав нарын “Шөнийн танго”. Явуу Москвад Горькийн нэрэмжит Утгазохиолын Дээд Сургуульд сурч байхдаа Болгарын Элчин Сайдын Яамны ажилтан (ажилтны охин?) болгар бүсгүйд дурлаад, “энэ болохгүй” гэж соц.үзэл суртал хориглоод. Хоёр анд нэг шөнө Москвад, Болгарын ЭСЯ-ны гадаа сууж байгаад Явуу шүлгээ хэлж эхлэхэд Лууяа аяыг нь амаараа аялан, хэмнэлийг нь өсгийгөөрөө товшиж энэ дуу төрсөн түүхтэй. Болгарын ЭСЯ-ны байрны, дурлалт болгар бүсгүйнх нь цонхны гэрэл асаатай, бас л соц.болгар үзэл сурталд бяц даруулсан залуу бүсгүйн зүрх тэр цонхны цаана шаналж байсныг Монголын  хоёр алдарт авьяаст эрхэм мэдэрч, өөрсдөө ч бас хамт шаналж байсан нь “Шөнийн танго” дуу болон “дэлбэрчээ”, дэлгэрчээ.
Тэгвэл Ц.Гайтав гуайн талаар хөгжмийн зохиолч Б.Магсаржавын ярьсныг дамжуулая. Б.Магсаржав Багшийн Сургуулийн (техникум гэсэн үг) соёлын (хөгжмийн?) ангийн дөнгөж 1-р курсийн оюутан (сурагч?) байхдаа дууны ая зохиож чадмаар санагдаад болдоггүй. Сайхан дууны шүлэг хэнээс авч болох вэ гэж бодтол хамгийн түрүүнд Ц.Гайтав санаанд нь орж Зохиолчдын Хороог зүглэв ээ. Ц.Гайтав гуай хаана суудгийг Ш.Сүрэнжаваас асууж, дууны шүлэг эрж яваагаа хэлбэл Ш.Сүрэнжав урдаас нь: “Чамд тэгээд архи байгаа юм уу?” гэж хачин юм асууж. Залуу хүү юун архи? гэж гайхаад, гэвч угийн сэргэлэн хүү тул “архи авч очоод дууны шүлэг авдаг байх нь” гэж дор нь ойлгоод, хөдөөнөөс саяхан хотод орж ирсэн техникумын сурагч хүүд шил архины үнэ гэдэг бас ч бага мөнгө биш тул дотуур байрны нэг өрөөнд хамт суудаг нөхөддөө үнэн учраа хэлж тусламж хүсэхэд шижир алт шиг сайхан нөхөд нь: “За Магсаржав аа, бид чамд хоолныхоо мөнгөнөөс илүүчлээд 28 цаасаа өглөө шүү. Чи тэгээд олигтойхон дуу зохиогоорой доо” гэжээ. Тэр үед хонины 1-р мах 7 төг. 50 мөнгө, үхрийн 1-р мах 6 төг. 30 мөнгө байсан гэхээр өрөөнийх нь үнэнч андууд хэдэн орой хоолгүй хоносныг нь амархан бодоод гаргачихаж болно. Шил архиа өвөртлөөд дахин Зохиолчдын Хороог зорив оо. Алдарт найрагч архийг нь аваад 3|1-ийг нь шилэн аяганд (стакан) хийгээд шууд татжээ. Уг нь ажлаа эхэлж хийгээд дараа нь урамшууллаа хүртдэг байтал ажлаа хийгээгүй байж шууд өөрийгөө урамшуулаад шударга бус уу гэтэл Ц.Гайтав найрагчийн хувьд дууны шүлэг бичих нь зүгээр  үдийн будаа бүү хэл өглөөний зэлгээн цай төдийхөн юм санжээ. Алдарт найрагч чухам цай уудаг байсан юм уу, үгүй юү гэдэг нь л болохоос. 1-р бадгийг нь шууд бичээд дахиж бас яг 3|1-ийг хийж татаад, 2-р бадгийг нь бичээд  үлддэгдэл 3|1-ийг нь татаад: “За хө, 3-р бадгийг нь ер нь олигтойхон бичнэ ээ хө” гээд:
Чин ариун сэтгэлтэй
Сүүн далай ээжий минь
гэж дуусгаад “Май, миний хүү, сайхан дуу болгоорой” гээд Ц.Гайтав гэж гарын үсгээ татлаад өгснийг нь хөгжмийн зохиолч Б.Магсаржав одоо хүртэл нандигнан хадгалж явдаг аж. Аа бас урамшууллаа хүртэхээсээ өмнө найрагч маань: “За чи залуу хүн, хайр дурлалын шүлэг л гэж яваа биз дээ?” гэж сэдвээ “асуусан” байгаа юм. Б.Магсаржав ч хэрсүү хүү байж: “Үгүй, үгүй, би анхныхаа дууг ээждээ зориулна” гэж “захиалгаа” өгчээ.
Тэгвэл бас манай нэрт найрагч “сумын заан” Чимидравдангийн Мягмарсүрэн дууны шүлгийг хэрхэн хурдан бичсэнийг та бүхэндээ сонирхуулая. 1980-аад оны эхээр би Болд гэдэг залуутай танилцсан. “Хөгжмийн сургууль төгссөн, ая зохиодог, ая хийх шүлэг эрж явна” гэж надад ярив. Мөөеө багш(Мөрдоржийг хэлжээ),Гончигоо багш(Гончигсумлаа) гэхчлэн ярина.  Надад хүртэл нэг ая аялаад байсан, аяыг нь сонсоод тааруулаад шүлэг бичнэ гэдэг тэр үед надад бол ухаан санаанд багтахгүй  явдал байв. Дашрамд хэлэхэд маш олон хөгжмийн зохиолч нэг сайхан (эсвэл бүр хэд хэдэн) ая зохиочихоод таарах шүлэг хайж явах нь ёстой түгээмэл үзэгдэл юм  билээ. Шинэхэн андтайгаа ахин нэг таарахад маш баяртай, урам зоригтой байв. Нэг аяа Ч.Мягмарсүрэнд аялж өгчээ. “Тэгсэн надад дор нь шүлэг бичээд өгсөн” гэж надад ихэд баяртай ярив. Би түүнээс “дор нь” гэдгийг нь тодруулж асуув.
-          Өө, ерөөсөө дор нь!
-          Арван минутын дараа юу?
-          Өө, үгүй. Дорхноо. Шууд намайг араас дуудаад л бичээд өгсөн.
Тэр дууны шүлгийг нь би он цагийн уртад даанч мартжээ. Тун дажгүй шүлэг байсан. Гэвч дуу гэдэг зөвхөн шүлэг нь сайн болсноороо түгж тархдаггүй эд аж. Залуу хөгжмийн зохиолчийн ая нь тийм сайн байсангүй юу... За тэгээд л дуу гэдэг чинь хэн гэдэг ямар дуучин хэрхэн дуулж яаж амьдруулахаас аваад аягүй бол тухайн цаг үеийн нөхцөл байдал гээд өчнөөн юмнаас хувь заяа нь шалтгаалдаг эд юм билээ.
Хөгжмийн мэдрэмжтэй найрагч нарын нэг бол Дашзэвэгийн Банзрагч. Улсын Филармоний яруу тунгалаг (симфони) найрал хөгжмийн цохивор хөгжимчнөөр олон жил ажилласан Цэндийн Энхтайван бид хоёр “нутгийн” (40 мянгат) анд. Анд маань 14-тэйгөөсөө цохивор хөгжимчин болсон. Би мэдэхгүй, андыгаа “ударчин” гэхээр “үгүй ээ, ударчин биш, цохивор хөгжим гэдэг чинь зөвхөн хэдэн бөмбөр, цан цохихгүй, маш олон зэмсгийг цохино” гэж надад ялгааг нь тайлбарлаж өгөхийг оролдоно. "Циркийн ударчин мундаг уу?" гэхэд минь урдаас даруухан инээгээд "тэр эстрад, хөнгөн хөгжмийн(рок поп хэмээх барууны тансаг үг тэр үед бидний ярианд хараахан дэлгэрээгүй байв)  удар бол амархан ш дээ” гэхэд нь би андаараа ихэд бахархдаг сан. Анд маань миний хоёр ч дууны шүлгэнд ая хийсэн. Ялангуяа “Өвөөгийн ярьдаг үдшийн үлгэр” нь бүр гоё болсон. Бид хоёр тэр үед (1980-аад он) олонтоо зохиодог байсан дууны уралдаанд (тэр удаа хүүхдийн дууны уралдаан байв) “Өвөөгийн ярьдаг үдшийн үлгэр”-ээрээ оролцсон бөгөөд Баярын Хонгор 6-7 настай байхдаа дууг минь дуулсан. Монголын Радиогийн хөгжмийн редакцийн эмэгтэй Буянхишиг бичлэг хийсэн! Тэгэхэд тэр хүүхдийн дууны уралдаанд оролцож байсан дуучин хүүхдүүд  “Өвөөгийн ярьдаг үдшийн үлгэр”-ийг маань хаалганы цаанаас сонсчихоод аялаад, дуулаад гүйлдээд байсан. Тийм гоё дуу болсон. Ээ дээ, мөнгөтэй болж байгаад Монголын Радиогийн хөгжмийн редакц дээр очоод мөнгийг нь төлөөд ч гэсэн эрхэм андынхаа аяыг нь тэгж гоё зохиосон тэр дуугаа Монголын Радиогийн Алтан Фондод бичүүлнэ дээ гэж ирээд л амьд хүн мөн ч их юм бодож явах юм даа, хөөрхий. Тэр уралдааныг зохиохдоо бүх оролцогч нь нэг том танхимд орж суугаад дуучид нь тайзнаа гарч ирж дуулаагүй, дуучин хүүхдүүд нь хөгжимтэйгөө шүүгчдийн бүрэдлэхүүн сууж байсан нэг өрөөнд орж дуулчихаад гарч ирж байсан. Пионерийн шинэ том ордонд? Дуучид нь хүүхдийн дуу дуулдаг Долгорыг эс тооцвол дандаа хүүхдүүд байсан. Мэдээж Б.Хонгор маш сайн дуулаад түрүүлсэн биз дээ гэж үү? Үгүй ээ, дууны уралдаан гэдэг чинь хүүхдийн дууных ч ялгаагүй, бөөн найраа юм билээ. Долгорын дуулсан “Машин, машин пис-с-с ...” гэсэн шал хөгийн дуу түрүүлсэн. Хөгжмийн зохиолч нь ланжгар амьтан байсан тул “нөлөөлсөн” байх.  Дуу тарж түгнэ гэдэг чинь маш олон зүйлээс шалтгаалдаг юм байна гэдгийг тэгэхэд би бараг гадарласан. За нэгэнт дууны тухай ярьсных хөгжмийн зохиолч хүний зовлонг андаараа төлөөлүүлээд бас дурсаадхая. Ц.Энхтайван маань тэр дуугаа Монголын Радиод бичүүлэе гэхэд хөгжимчдөө олох хэрэгтэй болно, хөгжимчдөө бүр хөгжимтэй нь олох хэрэгтэй. Радиогийн дуу хөгжим бичдэг зориулалтын ганц студи хэзээ завтай зайтай, боломжтой байх тэр цагт андад маань арай хийж олдсон хөгжимчид нь улсын  мэдлийн хөгжмийн зэмсгүүдтэйгээ яг тэнд бас гозойж байх учиртай, тэгж баймааж нь ганц дуу радиод бичүүлэх алтан боломж андад маань сая бүрэлдлээ гэсэн үг. Тэгээд анд маань үгийн далимд надад хэлж байсан л даа. “Баян Монгол, Соёл Эрдэнэ эд нар бол азтай” гэж. “Тэд өөрсдөө дуучид, хөгжимчид, хөгжмийн зэмсэг, хэрэгсэл бүгд өөрсдөд нь буй,  бүр их хуцвал тэд  Главлитийн урдаас ч гэсэн, Соёлын Яаманд ч, өөр хэн ч байдаг юм, тэд бол урдаас нь ямарваа хэмжээгээр “хуц!” гэх боложтой” гэж. “Бид энэ дуугаа л дуулна”, эсвэл “бид энэ дууг чинь дуулахгүй, тоглохгүй” гэж хэлэх боломжтой бөгөөд хэлж ч байсан” гэж. Мэдээж, урдаас нь учир зүггүй  “хуц аа, хуц” гэхгүй л дээ.  Харин миний хувьд бол дууны шүлгээ бичээд л, Зохиолчдын Хороо орж Явуугаар (Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав, Д.Цоодолоор, Явуугийн дараа тэд яг энэ дарааллаар Яруу найргийн секцийг эрхэлж байсан) батлуулаад, хөгжмийн зохиолч-д шүлгээ өгөөд л болоо, “миний мэддэг орос хэл дуусаа”.
За Д.Банзрагч найрагчийнхаа тухай одоо л ярья. Ц.Энхтайван маань Д.Банзрагчтай танилцаад гэртээ урьж дууны аяуудаа тоглож үзүүлж. Зүгээр нэг муу хонины хээр морийг
Алд  алдаар санаа алдаад
Адуу адуунаас нэг л ондоо ...
гэж тансаг найргаараа мөнхжүүлсэн Өндөрширээтийн Банзрагч найрагч аяуудыг нь сонсоод л шууд,  шууд шүлэг бичээд өгчээ. Бүр ганц хоёрхон ая биш, 7-8 аянд нь “Наад ая чинь ингэж хэлээд байна шүү дээ” гээд  7-8 шүлэг бичиж өгчихөөд, авьяастай хүн аархуу гэж, “Ер нь манай зохиолч, найрагч нар Бавуугийн Лхагвасүрэнгээс бусад нь дүлий талдаа” (мэдээж, хөгжмийн сонсголыг нь хэлжээ) гэж даналзчихаад гараад явсан байна лээ. Ц.Энхтайван надад тэр шүлгүүдийг нь уншуулж байгаад аянуудаа тоглож үзүүлсэн. Нээрээ аянд нь донжтой таарсан шүлгүүд байсан. Би ганц удаа гүйлгэж хараад өнгөрсөн ч гэлээ, хэдий аль тэртээ 1980-аад оны эхээр болсон явдал ч гэлээ
Жаахан охиныг дагаад дуулаарай
Жаргалын цэцгээ над руу шидээрэй
гэсэн Дашзэвэгийн Банзрагч найрагчийн хоёр мөр одоо ч сэтгэлд минь байна.
Дууны яруу найргийг ийнхүү онгодтой хурдан бичиж байсан найрагчдынхаа тухай дурсамжийг бүр халиагаад хөгжмйн зохиолч нар руу ороё. Хөгжмийн зохиолч Лувсаншаравын Даваахүү, “Вовка” Б.Түмэнжаргал, Пунцагдорж, Г.Балжинням, О.Бэгз, С.Мааяа гээд хөгжмийн томчуултай бас танилцаж нөхөрлөж явсан эр шүү, би.  Л.Даваахүү тэр үед (1980-аад оны эхээр) “ужээ”  “муудаж” (архинд орж) эхэлсэн байсан. Барилгачдын 50 жил ч билүү, том уралдаан зарлаад, би “Барилгачдын дуу” шүлэг бичээд  Ш.Сүрэнжаваар батлуулаад, Л.Даваахүү: “Чи батлуулчихаад  надад өгөөрэй” гэж байгаад аваад, тэгээд юм болоогүй ээ, хөөрхий. Шагдаржавын Самбуу найрагч анд минь надад: “Үгүй ээ, тэр томчуул чинь “халтуурдчихдаг” юм. Үгэнд чинь нэг ая хийсэн, тэгээд нэг соёлын ордонд нэг дуучнаар дуулуулаад, “үг нь батлагдсан дуу” гээд мөнгийг нь хучсихдаг юм” гэж тайлбарлаж өгсөн, үнэн худлыг бүү мэд.
Пунцагдорж гэж их дэгжин гоё хүн, бор хул костюмтай, бүрх малгай тавьчихсан, портфел цүнх барьчихсан, их цэмцгэр дэгжин хөгжмийн зохиолчтой бас дууны шүлгээ өгч танилцсан. Бас л нэг уралдаанд. Лав тэр удаа, тэр уралдаанд, тэрний шүлгийг тэр хөгжмийн зохиолч авсан гэдгийг нь самбарт бичээд хадчихсан, мэдээлсэн байсан. Хөгжмийн Зохиолчдын Хороон дээр. С.Мааяа гуай үзчихээд: “Чиний шүлгүүдийг Пунцагдорж, Балжинням гээд дандаа мундагчуул авсан байна. Чи азтай байна” гэж надад хэлж байснаас үзэхэд  Пунцагдорж сайн хөгжмийн зохиолч. “500 дууны түүвэр”, “800 дууны түүвэр” зэрэгт сайхан сайхан дууны аяыг Пунцагдорж зохиосон гээд байж байдаг юм.
Хөгжмийн зохиолч О. Бэгз гуай үйлдвэр комбинатад Хараагүйчүүдийн үйлдвэр гэж байхад тэр үйлдвэрийн уран сайханчдыг удирддаг байсан. Тэд бүр "Цацрал" хамтлагтай байсан. Хараагүйчүүд ямар үйлдвэрт ажиллаж, юу хийдэг  юм гэж үү? Яагаав, нөгөө 1 кг элсэн чихэр, 2 кг гурилын бор цаасан уутыг хийдэг, бас манайх өөрсдөө товч хийдэггүй тул гадаадаас ирсэн хуванцар товчнуудыг хуванцраас нь ялгаж савладаг. Хөөрхий, социализм энэрэнгүй сайхан л нийгэм байсан. Одоо л баахан Баабартангууд мангас махчин шиг байсан гэж улс амьтан айлгаад яваа болохоос. Миний шүлэгт О. Бэгз гуай дажгүй ая оруулж “Цацрал” хамтлагийн хит болж, тэд  үдэшлэг зохиох бүрдээ тэрхүү “Угталтын дуу”-ны аянд бүждэг сэн. Тэр үйлдвэр болоод тэдний хамтлагт хараатай, эрүүл саруул хоёр л хүн байсны нэг нь  О. Бэгз, нөгөө нь соёл урлагийн дээд сургууль төгссөн залуухан царайлаг бүсгүй, О. Бэгз гуайн туслах бөгөөд хамтран зүтгэгч нь. “Цацрал” хамтлагийн тайзан дээгүүр цагаан банам өмдтэй дэрвээд байдаг сан. Ажилладаг үйлдвэртэй, үйлдвэрийнхээ дэргэд клубтэй, клуб нь өөрийн  хамтлагтай, үндэсний болоод цахилгаан хөгжмийн зэмсгүүдтэй, дуулдаг, хуурддаг хараагүйчүүд нь тоглолтын гоё хувцастай,  тэр хамтлаг болоод клубийг нь “хөдөлгөдөг”  мэргэжлийн хоёр ч боловсон хүчинтэй, гараараа тэмтэрч уншдаг номуудтай номын сантай, тавьж сонсдог, кассет – хуурцган дуу хөгжмийн бичлэгтэй, бид ч бас шүлгээ кассет-д бичүүлээд номын санд нь дурсгадаг сан, бямба ням гараг алгасахгүй бүжиг үдэшлэгтэй, ийм л байсан юм даа, соц. Монголын хараагүйчүүд. Би “Үдэлтийн дууг” Төмөр дуулдаг болохоор З.Хангалын хөгжим гэж бодоод “Угталтын дуу”-гаа  З.Хангалд өгөх гээд  Дуурийн Театр руу алхаж явтал Г.Алтанхуягтай таараад.
Найраг эгшгийн тэнгэр болоод
Нартай хорвоог дагуулаад байхаар нь
Настан ээжийн энгэр болоод
Намайг дотроо агуулаад байхаар нь
Дуунд дуртай болов оо, би
Алиман саран уясан саатмаар
Амраг Дэлхий эргээд байхаар нь
Алтан наран баясан наадмаар
Амьд байгал сэргээд байхаар нь
Дуунд дуртай болов оо, би
гэсэн, одоо ая эгшиг нь хүн бүрийн сэтгэлд эгшиглэж явдаг энэ сайхан дууны аяыг 16-тайдаа зохиосон хөгжмийн зохиолч Гаадангийн Алтанхуяг надад: “Үдэлтийн дуу” чинь Хангалынх биш, Бэгзийнх” гэж хэлж өгөөд, би Бэгзийг зорьсон хэрэг. О. Бэгз дараа нь “Угталтын дуу”-гаа Баруун Монголын тонжоо, “Баян Монголын” Онжоо – Л.Оюунчимигээр дуулуулна гэж байсан. Би ч баярлаад л, хүлээгээд л. Тэгтэл Бэгз маань бурхан болсон дуулдсан. Би ч нэхэл хатуу хүн юм, нэг өглөө, зун, байрны гадаа дөчийн бидонтой сүү зарж байна, манай Монголын нэг алдарт дуучин маань зүгээр л нэг айлын эзэгтэй шиг сүү аваад явж байхтай таараад дуугаа асуусан чинь “Аа тийм, Бэгз ахын дуу, би дуулна аа” гэж байсан. Хамаатан садан нь юм байна гэж би ойлгосон. Тэгж байтал Л.Оюунчимиг ч таалал төгссөн дуулдсан. Дуу гэдэг чинь төрж мэндлэх өөрийн гэсэн заяа тавилантай юм байна гэдгийг би бүр ч сайн ойлгож аваад хоцорсон.
Уулын яргуйд жимсний амт цогцлоход
Ууж согтоод алтан гургалдай дуугаа дуулна аа
гэдэг алдартай сайхан дууны шүлгийг хөгжимтэй нь зохиосон хөгжмийн зохиолч  Г.Балжинням Худалдааны Техникумд хөгжмийн багшаар ажиллаж байхад нь би очиж уулзсан.Г. Балжинням гуай өөрөө намайг хүрээд ир, дуугаа сонс гэсэн юм.
Ээж ээ, хүү нь том болсоон
Эрхэлж, чихэр гуйхаа больсоон
Ээж Таныгаа баярлуулсан
Эрдэмтэй хүн болно оо, би
гэсэн гурван бадаг, дахилттай хүүхдийн  дууны шүлгэнд минь Г. Балжинням гуай маш гоё хийсэн. Бүр өөрөө
Өвөө, эмээгийнхээ захисан үгээр
Өөдтэй хүн болно оо, би
гэсэн нэг бадаг нэмээд. Худалдааны Техникум дээр яваад очсон, хөгжмийн өрөө бололтой, цахилгаан хөгжмийн хамтлаг нь сургуулилаад пижигнээд байх юм, чихний хэнгэрэг хагалах нь ээ. Г.Балжинням гуай: “Та нар чимээгүй!” гэж байгаад надад аяа сонсгох байх гэсэн, хөгжмийн хүн хөгжмийн дуу чимээнд чихний хэнгэрэг нь хагардаггүй аж, хөгжим тоглож буй хүүхдүүдээ “чимээгүй!” гэж загнадаггүй юм билээ. Баянхуураа үүрээд “Алив, хоёулаа гаръя” гээд, тэр өрөөнөөс хоёулаа гараад хаалгыг нь дангинатал хааж байгаад надад дуугаа (дууг минь) баянхуурдаж бас дуулж сонирхуулсан. Ёстой гоё дуу! Тийм гоё дуу хүртэл мэндлэхгүйгээ хүрвэл мэндэлдэггүй ажээ. Монголдоо очоод Г.Балжинням гуайн үр хүүхийг олж уулзаад уран бүтээлийн архиваас нь тэр гоё дуугаа олж аваад Монголын Радиодоо бичүүлнэ дээ гэж ирээд л амьд хүн мөн ч ихийг бодож явах юм даа, хө.
Цовоо сэргэлэн дуу минь
Гадаа гэртгүй  цуурайтсан
Цогтой ариун хөдөлмөр
Газар сайгүй өрнөсөн
Эх Орноо магтан дуулая аа
Энэ дууг цөмөөр өргөөрэй
хэмээх алдарт дууны аяыг зохиосон “Вовка” Б.Түмэнжаргалтай бас дууны шүлгээ өгч танилцсан.
“Жанжин Сүхийн журамт цэргүүд” гэсэн шүлэгт минь ямар ч гэсэн ая хийгээд бүр “Залуучуудын Үнэн” сонинд ноттой нь тавьсан. 1985 оны 7-р сарын 14-ний 78(7067) дугаарт. Гэхдээ дуу гэдэг чинь сонинд хэвлэгдсэнээрээ дэлгэрдэггүй аж.
Харин нэг дуу минь дэлгэрсэн шүү. Уралдаанд ч түрүүлсэн, Монголын Радиогийн Алтан Фонд-д  ч орсон. 1983 онд,  “Сурагчийн дуу”-ны уралдаанд. Дандаа л тэр ч дуу минь бүтээгүй, болоогүй, мэндлээгүй гээд байхаар болсон, бүтсэн ганц дуугаа дурдая, энэ чинь. “Инээмсэглэл”-ийн Б.Цогдэлгэр ая хийж Монголын Радиогийн дэргэдэг “Улаан бүч” ? хамтлагийн хүүхдүүд дуулж бичүүлсэн.
ХАРИУЛЖ БАРАХГҮЙ АЧЛАЛ
Агаар цэнгэг зуны өглөө
Алдрай хүсэл өвөрлөсөн хүү
Арвин талыг бүрхэн буусан
Ариун шүүдрийг түүж явна аа
Сайхан цэцгүүд дэлбээ нээгээд
Хөөрхөн хүүг баясгана аа
Сувдан шүүдрийн болор дуслууд
Мөнгөн туяа цацруулна аа
Наран хөөрч даанч удалгүй
Сувдан шүүдэр дэгдэн одлоо
Яаран түүвч тун ч юмгүй
Дуслын төдий жоохон боллоо
Хонгор хүүгийн алаг нүдэнд
Харууслын нулимс мэлмэрнэ ээ
Хөөрхий хүүг өрөвдөн уяраад
Хөндийн цэцгүүд бөхөлзөнө өө
Эртний домогт гардаг ёсоор
Эхийн ачийг хариулах гэсийм
Ариун шүүдрээр цай чанаад
Ачтай ээждээ барих гэсийм
Гараа гаргаж их л түүлээ
Гангар шаазан эс дүүрлээ
Хайрын дээд – эхийн энэрэл
Хариулж барахгүй ач байна аа
Б.Долгион хааяа тааралдахараа “Манай Цогоо та хоёр чинь со-авторууд” гэдэг сэн. Өдгөөгийн англижсан эринд бол “О, Цогоо энд юу аар – ко-оотерс” гэх юм биз дээ. За зүгээр л гэмгүй наргилаа. Б.Долгионыг дайруулаагүй шүү.
Энэ нийтлэлийг минь дуунд дуртай хүмүүс уншиж байгаа байх. Тэдэндээ зориулаад Г.Балжинням гуай шүлэг, хөгжмийг нь хоёуланг нь зохиосон  нэг сайхан дууны үгийг нь тавилаа.
Уулын яргуйд жимсний амт цогцлоход
Ууж согтоод алтан гургалдай дуугаа дуулна
Ухаангүй хайр минь цээжинд багтахгүй алдрахад
Ухаарч таниад хүний үр дуугаа дуулна
Мушгиа гэзэг чинь уулын горхи шиг хархан
Мяндсан ширхэгтээ талын салхины үнэртэй
Мишээх царай чинь тэнгэрийн сар шиг тодхон
Тэндэх тэргэлтэй зүйрлэх сод гэрэлтэй
Тэнгэртэй ижилсэх номин талын эхэнд
Тоонотой гэрийн чинь алтан багана нь болох юм сан
Түмэнтэй ижилсэх өрх гэрүүдийн нэгэнд
Тоотой насны чинь амраг хань болох юм сан.
Түрүүнд дурдсан бас нэг гоё дуу:
Р.Чойномын шүлэг, Х.Баатарын хөгжим
Зуслангийн уянга
Зүйл зүйлийн цэцэг хуар нь хө
Зүлгээ дагаад ургаа юу даа хө
Зүйтэй төрсөн чи минь ээ хө
Зүрхээ дагаад учраа юу даа хө
Хайтан ягаан цэцэг хуар нь хө
Хангайгаа дагаад ургаа юу даа хө
Хайлган төрсөн чи минь ээ хө
Хайраа дагаад учраа юу даа хө
Хүжийн үнэртэй цэцэг хуар нь хө
Хүрээ татаад ургаа юу даа хө
Хүний жаахан чи минь ээ хө
Хүслээ дагаад учраа юу даа хө
Эдгээр сайхан дууны шүлгийг Зохиолын шилдэг дуунууд. УБ. 2010 он гэсэн түүврээс авлаа. Дашрамд хэлэхэд маш олон дууны шүлэг алдаатай, зохиогчдыг нь андуурсан байна лээ. Жишээ нь:
Хайртай төрсөн чи минь ээ хө
Хайраа дагаад учраа юу даа хө
гэснийг нь би бодоход “хайлган төрсөн” байлгүй дээ гээд заслаа. 1-д, төрөхдөө л “хайртай төрнө” гэж баймааргүй,  2-т, эхний мөрийн “хайтан” гэдэг үгтэй “хайлган” илүү уялдана. 3-т,энэ бадгийн 3, 4-р мөр  “хайртай төрсөн” ... “хайраа дагаад” гэх нь уран давталт болж чадаагүй  зэргийг бодолцоод ийнхүү “хайртай төрсөн” бус, “хайлган төрсөн” нь зөв байх гэж үзэв. Г.Балжиннямйн дээрх дуунд гэхэд л “ширхэгтээ”-г  “ширхэгтэй” гэж авсан байсан.  Мөн тэрчлэн хөгжмийн зохиолчдын эцгийн нэрийг (овог бус!) товчилсон үсгүүдийг  ч бас энэ түүврээс авсан бөгөөд хэрэв алдаатай бол миний буруу биш гэх гээд байна аа, янз нь. Ха-ха.
Л.БАТБАЯР

No comments:

Post a Comment