Saturday, June 9, 2012

Суутны намтар

 Левитаныг аугаа их тачаал нь авч оджээ

Ийм дүгнэлтийг урлаг судлаач, Оросын суут зураачийн уран бүтээлийг судлагч Виктор Нерабинский хийсэн байна.

Байгалийн зураач Исаак Левитаны мэндэлсний 150 жилийн ойг өнгөрсөн жил дэлхий даяар шүтэн бишрэгчид нь тэмдэглэжээ. Хувь заяаны тохиолоор ой нь бас нэг үйл явдалтай давхцаж байлаа. Суут зураач нас барснаас хойш 110 жил өнгөрсөн байв. Бид их зураачийн уран бүтээлийг зах зухаас нь гадарлах бол түүний гэнэтийн төгсгөл таавар хэвээр үлджээ. Зураач уран бүтээлийнхээ оргил насандаа буюу дөнгөж 40 хүрээд таалал төгссөн юм. Урлаг судлаачдын шинэ судалгаа Исаак Ильичийн үхлийн талаар шинэ хувилбар гаргаж ирэв. Бийр, будгийн мастерыг шунал тачаал нь хөнөөжээ.

“Левиташа, хүүхнүүдээс эмээж яв!”
Левитаны уран бүтээлийг 20 гаруй жил судалж буй урлаг судлаач Виктор Нерабинскийн Виктор Алексеевич түүний бүтээлийн талаар сайн мэднэ.

Мод, цөөрөм, горхин дээгүүр тавьсан дүнз ямар дэгжин байна вэ, хараач гээд л Левитаны зургуудыг бишрэн ярьдаг. Харин түүний зургуудад хүн бараг үзэгдэхгүй. Хэдэн харандаан зураг, дотны хүмүүсийнх нь хоёр гурван хөрөг бий. Залуу, зүс царай сайтай зураач чухам юуны учир гол горхины ойролцоо ганцаар суухыг илүү үзэв?

Левитаны гэрээслэлийн дагуу түүний бүх архив, захидал, тэмдэглэл, зургийн нооргийг хүртэл шатаажээ. Москва, Петербургийн архивуудад Левитаны найз нарын бие биедээ бичсэн захидлууд хадгалагдан үлджээ. Бараг бүх захидлуудад түүний эрүүл мэндийн талаар дурдсан байв. А.П.Чехов захидлууддаа энэ талаар их бичиж, сэтгэл зовинож иржээ.

А.П. Чеховын захидлаас: “Левитаны гол судас тэлэлттэй. Цээжиндээ шавар тээж явна”. Исаак Ильич цэл залуугаараа зүрхний өвчинд нэрвэгдсэн юм. Уран зургийн академид сурч байхад эмч нар түүнд эмэгтэй хүнд ойртох байтугай тэдний зүг харж ч болохгүй гэж зөвлөж байсан гэдэг. Эмч мэргэжилтэй Чехов “Левиташа, хүүхнүүдээс эмээж яв!” хэмээн Исаакт тоглоом маягаар сануулдаг байв. Тэгээд л зураач байгаль зурж, тачаалын галаа унтрааж явсан бололтой. Сэтгэл нь хямарсанаас хоёр ч удаа амиа егүүтгэхийг оролдсон гэдэг.

“Талхиж гүйцлээ”
Зураач Софья Кувшинникова гэдэг эмэгтэйтэй танилцжээ. Урлаг сонирхсон хатагтай зураг зурахаар оролдон Левитаны хичээлийг хичээнгүйлэн сонсч байлаа. Тун удалгүй тэдний харьцаа багш, шавиас халив. Харамсалтай нь бүсгүй нөхөртэй юмсанж.

Яг энэ хайрын гурвалжинг Чехов “Сээхэлзүүр” өгүүлэлдээ бичсэн аж. Нэг эрээс нөгөө рүү үсрэх эмэгтэйн дүрийг Софья Кувшинниковагаас авчээ. Гэхдээ зохиолч олон зүйлийг нь дэлгээгүй гэдэг. Чехов бүгдийг нь бичсэн өгүүлэл нь уран зохиолын сурах бичигт багтахгүй байсан биз. Софья Кувшинникова зураачийн хуялын ертөнцийг нээж өгсөн бололтой. Левитаны албан ёсны намтарт Ижил мөрнөөр аялахдаа найз хүүхэн болоод түүний нөхөртэй хамт явсан гэж бичжээ. Плес хэмээх жижиг хотод хамт амьдарч байсан амрагууд гурамсан хурьцлын “а ля труа” харьцаатай байсныг үгүйсгэх аргагүй!

А.П.Чеховаас 1897 оны гуравдугаар сарын 7-нд Ф.О. Шехтельд бичсэн захидалд: “Би Левитаныг чагнаж үзлээ. Зүрх нь цохилохын оронд салгалж байна. Эмнэлгийн хэлээр бол “нас нь гүйцсэн”. Үүлэн борооны ажилд бүрэн талхижээ!” гэсэн байлаа.

Энэ эшлэл Левитаны тухай бүх номд бий. Оросын урлагийн музейд энэ захидлын хэсгийг үзэж болно. Харин бүрэн эхээр нь Оросын үндэсний номын санд хадгалж байгаа юм.

Боржинд үлдээсэн дурсгал
Плест туурвисан 200 гаруй бүтээл нь Левитанд алдар нэр, хөрөнгө мөнгө авчирчээ. Гэхдээ тачаалын их гал 1900 оны наймдугаар сард зураачийг түймэрдсэн юм. Хуялын их ачааллаа даалгүйгээр зүрх нь зогсчээ.

Левитаны хамаатнууд түүний үхэлд Софья Кувшинниковаг буруутгаж оршуулганд нь бүсгүйг оролцуулсангүй. Исаак Ильичийн ах Авель булшинд нь цэцэг тавихыг нь хүртэл хоригложээ. Үүнээс үүдэн Кувшинникова зураачтай амьдын жаргал эдэлж байсан Ижил мөрний эрэгт хайртдаа зориулан хөшөө босгуулжээ.

Плест очсон жуулчид Левитаны амьдарч байсан байшинд заавал очдог. Тэнд Исаак, Софья хоёрын зургаас гадна эд зүйл, ор нь хүртэл бий. Байшингийн дэргэд зураачийн хүрэл хөшөө, музейгээс арваад минут яваад Лениний гудамжны 10 дугаар байрны дэргэд Кувшинниковагийн хайртдаа зориулсан боржин хөшөө нь байгаа. Харин энэ хөшөөг хотынхон нь жуулчдад үзүүлээд байх хүсэлгүй гэнэ.

Софья Кувшинникова нэг метр өндөртэй эр бэлгэ эрхтэн босгосон зардлыг төлсөн гэдэг. Софья Петровна нас бартлаа энэ бүтээлээрээ бахархаж, найз нөхөддөө зургийг нь үзүүлдэг байжээ. Левитаныг нүцгэнээр нь харсан хүмүүс хөшөө нь “яггүй адилхан” болсон гэдэг байж.
Ш.Мягмарсамбуу

No comments:

Post a Comment