Sunday, June 10, 2012

О.Элбэгтөгс: ЦАГ ХУГАЦАА

Хайрт ах А.Мөнхчулууны гэгээн дурсгалд...


I
А дээр нэмэх нь санаашрал
Алгаа хавсрах шиг гэнэн одоо цаг
Алга болоочид гэрэлгүй хонгилын хаа нэгтээ
аз жаргалыг хавар шиг л хүлээн суугаа даа
Эрх дураараа салхи шиг хийсэхэд
Э-гээс хасах нь цаг хугацаа
Хэнд ч хамааралгүй амьдарна гэдэг
хэцүү ойлголт бид бүхний
хэм хэмжээг тодорхойлоход
Ж-г хоосонтой үржүүлэх нь ганцаардлыг хуваахтай
(Хэрэг дээрээ адилгүй ч бүгд ингэж боддог)
жигтэй адилхан гэж зөрүүдлэх, өнгөрсөн
Ирээдүйгээ төсөөлөх ганц хормын дараа
ирж буцсан хүмүүсийн тоон утгыг олохгүй

II
Цаг хугацаа сонины хайчилбарууд
цааш хийж хадгалсан охины өхөөрдөм инээмсэглэл
Мартагдсан дурсамжууд хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй гудамжаар
маргаашийн тухай хөгжилтэй яриатай хамт гишгэгдэх
Цаг хугацаа цаг агаарын мэдээ
Цантсан цонхон дээр нэрээ бичих өвлийн
хөвөнтэй өмдний цаанаас халуунаар төөнөх бэлгийн
хөвчийг нь тасдах шиг өвдөлт мэдрэгдэх
Цаг хугацаа эмнэлгийн өрөө
Цагаан халаадтай сувилагчийн гараас амсах
халуун тариа, хүйтэн цайны өнгө шиг
хамаг зүйл тунгалаг харагдах
Цаг хугацаа оршуулгын газар
Хайртдаа хэлж амжаагүй үгээ залгиад
хамгийн сүүлчийн удаа зүрхний цохилтоо сонсоод
хар үүрээр нисэн одоход тэнгэр угтах
Цаг хугацаа... 2009.09.09

No comments:

Post a Comment