Sunday, June 10, 2012

Г. Оргилболд: Бага тойруугын гудамжинд өргөх дуулал

 
Энд будрах цасан эгшиглэдэг гэдэгт итгэж
Энд би хорин хэдэн жилийг эгшиглэн дуулаж өнгөрөөлөө.

Цаг хугацаа зогссон ч зүрх минь цохилсоор байна.
Цагаахан далавчтай би сүүдрээсээ огт өөр!

Дахиад би шувуу шиг нисэхийг хүсэхгүй
Далавчнаасаа одоо үнэхээр их залхаж байна.

Дүүрэн шар айрагтай төмөр торх шиг
Дөрвөлжин гудамжтай эх орон минь!

Дөрвөлжин гудамжны булангын мухлагаас
Дүүргэж авсан залуу нас минь!

Шувуу нисэн хүрээд догдлон жиргэсэн ч
Шунан дурлах юу ч үгүй хоосон хавар минь!

Энд будрах цасан эгшиглэдэг гэдэгт итгэж
Энд би эгшиглэн дуулж амьдармаар байна.

Эвдэрсэн сэтгэлийнхээ эмтэрхий бүхнийг түүн цуглуулж
Эвлүүлэн урласан цагаахан далавчтай дүнсгэр хөшөө
Залуу насыг минь дүүргэж өгсөн мухлагын үүдэнд
Зарлалын самбар шиг цасанд даруулахыг хармаар байна
.

No comments:

Post a Comment