Wednesday, June 13, 2012

Орос яруу найраг

Расул Гамзатов: Зуун хүүхэнд би дурласан























Зуун хүүхэнд би дурласан,
Зуур замд, энд - тэнд,
Хоол нойроо ч мартан дурласан,
Хожим хойно ч санан дурласан.

Хол тэртээ хавар цаг
Хөл нүцгэн хөвгүүн явахдаа
Усны саваан барьсан охинтой
Улбаа зам дээр таарч билээ.

Учирсан тэр охин маань
Усны сав шигээ бяцхан байлаа.
Савтай ус нь шүд янгинам
Сайхан хүйтэн байсан хирнээ-

Эрэг горхиндоо буцалсан юм шиг,
Эгээ намайг түлчихэв гэлтэй:
Элэглэж мишээв,… бултрамтгай харц нь
Эдүгээ болтол санаанаас гардаггүй
Энхрийлсээр явнаа би, одоо ч гэсэн.

Хаврын хавсарганд хожуу хойно
Каспийн буурал долгисын захад
Нэгэн хүүхнийг онцлон харж
Нэхэн даган явсан юм сан.

Зүүдэндээ боссон балай хүн шиг
Зүг чиггүй, гудмаар эргэлдэж
Хоёр дахь давхрын цонхонд туссан
Хосгүй сүүдрий нь харах билээ гэж

Агчийн өндөр модон өөд
Авирч явснаа хэзээ ч мартахгүй...
Амрагласаар явнаа би, одоо ч гэсэн.

Амьд насандаа мартах аргагүй
Анхил нэгэн бүсгүйтэй би
Алс холын москваг зорихдоо
Азаар цуг явсан юмсан.

Хамт суулгаж, нэгэн цонхоор
Харц нийлүүлэн, энэ ертөнцийг
Харуулж, нүүр хагаруулж өгсөн
Каспийн бүсгүй танаа, баярлалаа!
Үг дуу ч үгүй, хоёулхан тэгж
Үхэн үхтлээ явмаар санагдсан юм.

Омогтой нэгэн эхнэрийг би бас
Одоо ч гэсэн хайрладаг юм.
Уур нь шатахдаа, шүлгийг минь
Ураад хаяж байж билээ л. Хөөрхий нэгэн жаал бүсгүйн
Хөгжүүн харцыг хайрланам.
Оролдож бичсэн шүлгийг минь тэр
Олон олон гайхан шагшиж билээ л.

Ааштай хүүхнийг ч хайрлаж,
Аанай даруухныг ч хайрлаж,
Айхтар хатууг нь ч хайрлаж,
Ангарайтсан балчрыг ч хайрлаж

Дунд зэргийнхийг ч хайрлаж,
Дуутай шуутайг ч хайрлаж,
Дуулгавартай номхныг ч хайрлаж,
Дундуургүй, цөмий нь хайрлалаа.

Хойш, урагш аялах бүхэндээн хайрлаж,
Хол, ойрын хот бүхэнд хайрлаж,
Дээд сургуулийн анги бүхний
Дэвших оюутан бүсгүй бүхнийг хайрлалаа.

Хосгүй дурлалдаан хөөрцөгдөн нисч
"хонгор минь" гэж цөмий нь дуудаж,
Зуур хооронд нь алаг цооггүй
Зуун хүүхнийг адилхан хайрлалаа.

Эхнэрийн царай хувьсхийгээд
Эрслээд, босоод ирлээ хөөе.
"тэр зуугийн чинь ганц нь би юү?
Тэрнийгээ хэлсэнд чинь баярлалаа!.." гэв.

Тэсч үз, битгий уурла,
Тэр зуу чинь чи ганцаараа байхгүй юу!
Зуун өнгийг биендээ цогцлуулж
Зуур замд минь чи учирсан юм.

Хөдөө тосгонд миний бие
Хөл нүцгэн гүйж явахад
Усны сав бариад чи өөрөө
Улбаа зам дээр учраагүй юу.

Тэнгис каспи тэлчлэн хөрвөөх
Тэртээ хотын хөл хөс дунд
Араасаа, миний дагаж явсныг
Ажиглаагүй гэж үү чи?

Дараа нь москва зорьсон вагоны
Давхиа түчигнээг санана уу, одоо?
Даанч сайхан зуун хүүхнийг
Дангаараа чи орлосон бус уу?

Уурлах, хайрлах хослон байж
Уйлан, инээн дассан бус уу?

Заримдаа би зөрүүдлэн байж
Загнаж хараасныг нуугаад яах вэ?
Заримдаа бас, гарын аясаар
Зайгүй хайрладгийг яриад яах вэ...

Өөрийг чинь хаашаа бол би тийшээ
Өөрц нь үгүй дагаж явлаа.
Хүссэнийг чинь би бас хүсч
Хүний дайтай явцгаалаа.

Үүлэн сүрэг үдлэн хурсан
Уулан дундуур хоёул алхаж,
Газар газрын хотоор хоёул
Гар гараасаа хөтөлцөж явлаа.

Зуур хооронд нь алаг цооггүй
Зуун хүүхнийг адилхан хайрлалаа...
Зуурдын биш, үүрдийн хайраараа
Зуу дахин чамайг "хонгор минь" гэлээ.

Зуун дүр чамд цогцолсон болохоор
Зуун давхар хайрласан юм - чамайгаан!
Орчуулсан Р.Чойном

No comments:

Post a Comment