Saturday, June 9, 2012

Хөгжмийн тухай сонин хачин


Хөгжмийн ашиг тусын талаар хүн төрөлхтөн эрт дээр үеэс л мэднэ. Тиймдээ ч хөгжимд дургүй хүн гэж бараг л үгүй. Тиймээс та бүхэнд хөгжимтэй холбоотой сонин хачныг хүргэе.

• Аз жаргалтай хосууд амьдралынхаа алтан мөч болох хуримынхаа үеэр Мендельсоны маршийг эгшиглүүлдэг. Харин хуримын энэхүү марш цэргийн марш болж байсан гэвэл та итгэх үү? 1877 онд Орос-Туркийн дайнд цэргүүдээ гаргаж өгөхдөө II Александр хаан “Дайнд явахдаа хуриманд явж байгаа мэт яваг” хэмээн хэлснээр Хасагийн хорооны гвардын маршаар Мендельсоны хуримын маршийг албан ёсоор зарласан байна.


• Австрийн төгөлдөр хуурч Пауль Виттенгштейн дэлхийн нэгдүгээр дайнд баруун гараа алдсан ч хөгжмөө орхилгүй зөвхөн зүүн гараараа тоглон гайхалтай уран чадварыг харуулдаг байжээ. Даралтат хөгжмийн гайхалтай чадварыг эзэмшсэнээр Виттенгштейн хоёр гараараа тоглоход ч тун хүндрэлтэй байдаг хөгжмийн зохиолуудыг бүрэн эхээр нь тоглодог байжээ.


• Суут хөгжмийн зохиолч Бетховенийг мэдэхгүй хүн үгүй. Францын жанжин Наполеонд зориулан “Баатарлаг” симфонио бичээд, дайн хийхэд нь дургүйцэн эх нотыг нь шатааж байсан гээд түүний намтарт сонирхолтой зүйл олон. Ийн сонирхолтой намтартай тэрбээр мөн хачирхалтай зуршилтай байжээ. Бетховен хөгжим бичихээр ширээний ард суухын өмнө мөстсөн устай түмпэнд толгойгоо хийдэг байжээ. Энэ нь түүний дадал зуршил болсон байсан тул амьдралынхаа төгсгөл хүртэл мөстэй усанд толгойгоо дүрдэг байсан гэнэ. Түүнчлэн суут хөгжмийн зохиолч тоо үржүүлж чаддаггүй байжээ.



• Алдарт хөгжмийн зохиолч Николай Андреевич Римский Корсаков нэгэнтээ хичээл зааж байх үеэрээ шавь нартаа симфони эсвэл сонатын сүүлийн хэсэг нь заавал хурдан хэмнэлтэй байх ёстой гэж заажээ. Тэгвэл яагаад Чайковскийн Зургаадугаар симфонийн дөрөвдүгээр хэсэг нь удаан хэмнэлтэй байдаг юм гэж асуухад Корсаков хэсэг хугацаанд дуугаа хураан, дараа нь “Суутнуудын тухайд ийм зүйл байж болно” хэмээн хариулсан гэдэг.

• Сүүлийн гурван зуун жилд зохиомол хэл үүсгэх гэсэн 200 гаруй оролдлого гарч байжээ. Эсперанто гээд л та юу эс андах вэ. Гэвч амжилтгүй байсан тул энэ бүгд мартагдсан. Эдгээрийн дунд “Соль-ре-соль” хэмээх нэртэй хөгжмийн хэл ихээхэн сонирхол татна. Энэ хэлийг 1817 онд Францын иргэн Жан Франсуа Сюдр зохиосон байна. Дөчин жилийн хугацаанд түүний хамтрагчид энэ хэлний хэлзүй, үгийн сан, онолыг боловсруулсан бол 1868 онд энэ Хэл дээр зохион бичлэг гарч байжээ. Шинэ хэлний үгийн үндэс хөгжмийн үндсэн долоон нот байсан бөгөөд мөн эдгээр нотнууд нь зарим үгийг илэрхийлж байжээ. Жишээлэхэд си-“тийм”, до-“үгүй”, ре-“ба”, ми-“эсвэл”, до- ре-“би”, до-фа-“тэр”, ре-до-“минийх” гэсэн утгатай байсан гэнэ. Ийм хэлээр хөгжим тоглох ч боломжтой байсан ч тухайн үеийн хамгийн хэцүү хэлээс ч хүндрэлтэй байсан тул тэгсгээд мартагджээ.

• Нэгэн удаа Миланы консерваторын захирал дээр нэгэн залуу хүү ирээд, өөрийг нь шалгахыг хүсжээ. Элсэлтийн шалгалт дээр тэрбээр төгөлдөр хуур тоглон,бүтээлээ сонирхуулсан ч хэд хоногийн дараа “Консерваторын тухай бодлоо орхи, хотын хөгжимчид дундаас багш хай” гэсэн хариулт авчээ. Энэ бол 1832 он байв. Хачирхалтай нь хэдэн арван жилийн дараа Миланы консерватор өнөөх “миалсан” хүүгийнхээ нэрэмжит болно гэж хэн санах билээ. Ийнхүү татгалзсан хариу авсан ч хожмоо өөрийнхөө нэрээр алдарт консерваторыг нэрлүүлж чадсан хүн бол суут хөгжимчин Жузеппе Верди байжээ.

No comments:

Post a Comment