Saturday, June 9, 2012

Күнз буюу Хятадын их сэтгэгч




Image

Күнз хэмээгч хүн Чунь-Чугийн сүүлийн үеийн Лү улсад төржээ. Түүнийг бичгийн сургаалыг үндэслэгч, их сэтгэгч, улс төрч, сурган хүмүүжүүлэгч байсан хэмээн Хятадын түүхийн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Күнз залуудаа багахан хэргэмтэй түшмэл байсан бөгөөд 50 насан дээрээ Лү улсын Жүн-Дүү хотын томоохон түшмэлийн тушаалд дэвшжээ. Удалгүй тэргүүн сайдын тушаалыг орлох эрхтэй болсон байна.

Цагийн ихэнхийг тэр амьдралын утга учир, нийгмийн тогтолцоо, яруу найраг, гүн ухаан, хүний дотоод сэтгэлийг нээх судалгаанд зориулдаг байв. Амьдралынхаа туршид маш олон ном бүтээл туурвиснаас өтөл насныхаа ихэнхийг Лү улсын соёл боловсролын үйлст зориулж “Шүлэглэлт ном”, “Засагт ном”, “Зурхайт ном”, “Ёслолт ном” зэрэг зохиолоо эмхэтгэжээ. Түүний энэ номуудын үргэлжлэл болсон бас нэгэн томоохон ажил бол “Шашинт ном”-д оруулсан өөрчлөлт нь байлаа. Күн-Зиг өөд болсны дараа дэргэд нь шадарлаж байсан шавь нар нь түүний амьд ахуйдаа хэлсэн сургаалиудаас тэмдэглэж авснаа эмхэтгэж “Шүүмж өгүүлэл” нэртэй ном болгон хэвлүүлсэн нь түүний үзэл санааг судлах хамгийн анхны чухал материал болсон юм.

Күнз баруун Жү улсын боолын байгуулалтыг хамгаалах үүднээс “Нэрийг төв болгох” хэмээх зорилтоо дэвшүүлж “Эзэн өршөөлтэй, түшмэл үнэнч, эцэг энэрэнгүй, хөвгүүн ачлалтай байвал сая ноёрхогч ангийн дотоодын нягтарлыг бэхжүүлж чадна” гэж үзсэн гэдэг. Энэ нь эртний язгууртан болоод хаант засаглалын төрийн бодлогын чухал тулгуур байжээ. Түүний сургаал нь “өршөөлийг” чухалчилдаг гэж судлаачид үздэг.

Тэрбээр “Өршөөл бол хүнийг хайрлах явдал мөн” гэж үзсэнээс “Шударга уучлалын ёс”-ыг санаачилж байсан аж. Түүний “Өршөөлийн тухай сургаал” нь олон үеийн турш феодал, газрын эздийн боловсролын тулгуур болж, “Өршөөлт засаг”, “Гурван хэлхээ таван үүрд”, “Шударга аялал цэхч журам” гэсэн бие даасан агуулга бүхий феодалын ёс суртахууны үзэл санаа болон бүрэлджээ.

Хань улсаас хойш хоёр мянган жилийн турш энэ сургааль феодалын соёлын гол ноён нуруу нь болж, маш их нөлөө үзүүлсэн гэдэг. Күн-Зи гэгээрэл боловсролыг хөгжүүлэх болон эртний соёлыг эмхэтгэн уламжлах талаар чамгүй хүчин зүтгэл гаргасан юм.

Тэрбээр манай гариг дээрх хамгийн анхны хувийн сургуулийг нээж, түүндээ өөрөө багшлан гурван мянга гаруй шавь сургасан байна. Хожим Күн-Зийн сургаалиар хүмүүжсэн 72 сурагч Хятадын түүхэн дэх алдартай хүмүүс болжээ. Одоо ч манай гариг дээр Күнзийн сургаалийг бишрэн дагагчид маш олон байдаг аж.

No comments:

Post a Comment