Saturday, June 9, 2012

Шарль Гуно




Image

1893 онд Фран­цын хөгжмийн ер­төн­цөд төдийгүй дэл­хий дахинд том гарз гарчээ.
Энэ нь хөгж­мийн театрын хөгж­лийг урагшлуулж, уянгын дуурийн шинэ төрлийг бий болгосон Францын нэрт хөгжмийн зо­хиолч Шарль Гуно нас барсан явдал юм.

1818 онд зураач Франсуа Луи Гуно, хөгжмийн багш Виктория нарын гэр бүлд төрсөн бяцхан хүү хожмоо хөгжмийн ертөнцийг донсолгоно чинээ хэн санах билээ.

Эрийн цээнд хүрч, хорин настайгаа золгосон Шарль Гуно 1838 онд Парис хотын консерваторид элсчээ. Багадаа дуурийн театрт хэд хэдэн удаа дуурь үзсэний дараа хөгжим бичих хүсэл нь улам бадарсан гэдэг. Түүний гоц авьяас билэг нь хуучинсаг үзэлд хавчигдаж байсан ч бүтээлүүд нь сонсогч, шүүмжлэгчдийн анхаарлаас мултарч чадсангүй. 1839 онд “Фернан” бүтээлээрээ Ромын шагнал хүртэж, Италид хоёр жил суралцах, Вена, Германд тодорхой хугацаагаар байх эрх олж авчээ.

Тэрбээр нэг үе дан шашны сэдэвтэй бүтээл туурвиж, шашны сургуульд суралцаж, сүмийн лам болохоор сэтгэл шулууджээ. Гэвч маш их тэвчээр гаргаж, хөгжмийн урлагтаа буцан ирсэн байна. Хөгжмийн зохиолч, үзэгч хоёрын амин чухал гүүр нь зөвхөн театр гэсэн үзэл бодлоо хатуу баримталж дуурийн хөгжим бичихээр зориг шулуудсан нь нэр алдарт хүрэх эхлэл нь болсон гэдэг.

1852 онд Парисийн консерваторийн профессор Циммерманы охиныг гэргийгээ болгож, “Орфеон” нийгэмлэгийн захирлаар томилогдов. Үнэндээ түүнд нэр алдар, албан тушаал зохисонгүй. Шашны гүн шүтлэгтэй атлаа дарс ууж, бүсгүйчүүдтэй зугаацаж, ертөнцийн “нүгэл” үйлдэж явсаар оюун ухааны самуурлын ирмэгт очсон гэдэг. Язгуур угсаа сайтай эхнэр нь нүгэлт, биеэ тоосон үйлдлүүдийг нь уучилж, эргэн хүн болоход нь асар их нөлөөлсөн байна. Тэр 1860 оноос дахин үр бүтээлтэй ажиллаж эхэлжээ.

Мольерийн зохиолоор зохиосон “Аргагүйн эрхэнд оточ” дуурийн анхны тоглолт нь “Лирик” театрт тавигдахад үзэгчид халуун дотноор хүлээн авчээ. Ш.Гуногийн авьяас билгийг нотолсон дуурь нь “Фауст”.

Түүний шилдэг бүтээл болох “Фауст” Францын уянгын дуурийн бүх сайн тал, зарим саармаг талыг нэгтгэсэн сонгодог жишээ болон хөгжмийн урлагийн түүхэнд мөнхөрчээ.
Гётегийн “Фауст” найраглалын гүн ухааны агуулгыг уянгалаг ахуйн сэдвээр баяжуулж, сайхан сэтгэл, хорон муу санааны зөрчилдөөнийг үнэнээр нь харуулж чаджээ.
Парисийн консерваторийн захирлын албан тушаалаас татгалзсан хүн бол Ш.Гуно.

Дуурийн хөгжмийн зохиолч хүн хөгжмийн хөрөг зургийн уран гартан байх ёстой гэсэн үзэл бодолтой хүн нь бас л Ш.Гуно.
Шарль Гуно амьдралынхаа сүүлчийн хэдэн жилийг Парисийн ойролцоох Сен-Клу сууринд шашны хөгжим бичиж, залуу үеийнхэнд хичээл зааж, намтраа хэвлүүлэн нам гүмхэн амьдарч байгаад 1893 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

No comments:

Post a Comment