Saturday, June 9, 2012

Верди



Image


Дэлхийн дуурьт итали дуурь ноёлдог бол Италийн дуурийн урлагийг Ж.Вердийн бүтээлгүйгээр төсөөлшгүй. Бидний сайн мэдэх түүний “Травиата”, “Трубадур”, “Риголетто”, “Отелло” гээд олон дуурь үе үеийн хүмүүст урам, ухаарал бэлэглэсээр ирсэн.

Верди зөвхөн уран бүтээлч байгаагүй, нийгмийн нөлөө бүхий зүтгэлтэн байжээ. Улс орныхоо болон нийт хүн төрөлхтөний өмнө тулгарч байсан асуудлуудыг урлагийн хэлээр уудлан тавьдаг байсан нь тухайн үедээ хэсэгтээ шуугиж намжихгүй хэлэлцүүлэг ч болдог байж. Ийм дууриуд нь хүнд, нүсэр байсныг хөгжмийн зохиолч өөрөө төдийгүй үзэгчид ч мэддэггүй өөрөөр хэлбэл дуурь ийм байх ёстой гэсэн ойлголт нийтлэг байлаа.

Тэгтэл Ж.Верди уран бүтээлийнхээ агуулга, хэллэгт өөрчлөлт хийж, асуудлыг нийгмийн хүрээнд авч үздэг байснаа ахуй, хүмүүсийн өдөр тутмын харилцааг хөндөж эхэлсэнд бүтээл нь илүү сонирхолтой болж иржээ. Үзэгчид дуурь язгууртнуудын урлаг тул заавал үзэх ёстой гэсэн ойлголтоор бус хүсэж сонирхон, шимтэж үзэх эхлэл дээрх дууриудаас эхтэй ч гэж зарим урлаг судлаач бичсэн байдаг.

“Травиата” гэж италиар “Унаж буй гоо бүсгүйу гэсэн үг. Уг дуурийн гол дүр Виолеттаг ийн нэрлэсэн байх. Виолетта царайлаг сайхан бүсгүй. Альфред гэдэг залууд сэтгэлтэй болсноор урьдын бүтэлгүй амьдралаас ангижрах хүсэл тэмүүлэлтэй болоод байдаг. Хосууд бие биедээ үнэн сэтгэлээс хайртай. Гэтэл залуугийн аав Жорж Жермон бүсгүйгээс нэгэн зүйлийг хичээнгүйлэн гуйна.

Тэрбээр “Чи миний хүүд үнэн сэтгэлээс хайртай юм бол түүний сайн сайхан амьдрах замд саад хийх хэрэггүй. Чиний өмнөх хөнгөн хийсвэр амьдрал, манай гэр бүлийн нэр хүндэд харшилж байна. Удахгүй охин маань нэртэй айлын зүстэй хүүтэй гэрлэх гэж байгаа энэ үед та хоёрын явдал хор хохирол учруулах нь. Хайртай залуугаа сайн сайхан явахыг харъя гэж бодож байгаа гэдэгт итгэж байна.

Түүнээс холдоно гэдэгт итгэж байна. Харин намайг ийм зүйл ярьсан гэж Альфредад хэлэхгүй байхыг хүсье” гэдэг. Чин амрагтаа бие сэтгэлээ зориулсан Виолетта, Жорж Жермоны үгэнд орохоос аргагүйд хүрдэг. Тэр хайртай залуугийнхаа гэр бүл, төрөл төрөгсдөд гай болохыг хүсдэггүй тул чимээгүйхэн Алфредаас харилцаагаа тасалдаг. Залуу хархүү бүсгүй нь яаж авирлаад байгааг ойлгохоо бүр байчихдаг. Яаж ч гуйж аргадаад нэмэр болдоггүй.

Эцэст нь Виолеттагийн хууч өвчин сэдэрч бие нь мууддаг. Алфред гуньж гутарсан хэвээр. Харин Жорж Жермон хүслээ биелүүлэх гэж хайртай хосуудыг шаналгаснаа ойлгож, буруугаа хүлээн хэн хэнээс нь уучлалт гуйж гэмээ цайруулдаг ч нэгэнт оройтсон байдаг. Бүсгүйн бие эрс муудсаар үхэдхийн унана. Виолеттагийн энэ хэсгийн ари юу. Зүрх зүсэм хэрнээ уянгалаг сайхан.

Ийм ахуй, хайр сэтгэлийн сэдвээр туурвисан анхны бүтээлүүд нь дээр дурдсан “Травиата”, “Трубадур”, “Риголетто” бөгөөд эдгээрийг хоёр хоёр сарын зайтай бичсэн түүхтэй. Өнгөц харахад гал тогоо тойрсон үйл явдлууд өрнөх ч нийгмийн дотор буй зөрчил, зөрөлдөөнийг тайзан дээр харж шүүх боломж олгосноороо өмнөх дууриудаасаа онцгой, өгүүлэмж сайтай, сонирхолтой болсон аж. Өнгөрсөн хэдэн зууны туршид туурвисан бүтээлүүдийнх нь дунд эдгээр дуурь онцлох байр суурьтай болтлоо товойн гарч иржээ.

Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Верди 1813 онд Буссето хотын ойролцоох Ле Ронколе тосгонд төржээ. Эцэг нь хоолны газар ажиллуулдаг, эх нь утас ээрэгч байв. Тэднийх ядуу айл. Насандаа ахадсан хэрсүү бодлогошронгуй хүү Жузеппе хүү багаасаа хөгжимд их дуртай хүүхэд байж. Түүнийг 12 настайд нь сургуульд оруулсан байна. Хөгжмийн тухайд анхны багш нь сүмийн органчин залуу. Верди тус хотын Хөгжмийн нийгэмлэгийн тэргүүн Антонио Барицитай танилцсанаас хойш олон жилийн амьдралаа холбожээ. Тэрбээр энэ хүнийг хоёр дахь эцгээ гэж үздэг.

Орган хөгжимчин, төгөлдөр хуурч, удирдаач Верди 18 настайдаа Милан хотод томилолтоор хоёр жил ажиллаж л дээ. Энэ хугацаанд хэдийгээр Хөгжмийн дээд сургуульд орох хүсэл нь биелээгүй ч чамлахааргүй олз олов. Тэрбээр нэр цуутай “Ла Скала” театрын удирдаач Винченцо Лавиньягийн удирдлагаар Й.Хайдны “Ертөнцийн үүсэл” ораторийг тоглож. Тэр мөчөөс хойш Верди жинхэнэ хөгжмийн хүн болжээ. Буссето хотдоо эргэн ирснээр орон нутгийнхаа хөгжмийн амьдралыг удирдан залах болов. Улмаар тэр жилээ Бареци багшийнхаа охинтой гэрлэсэн байв.

1838 он гэхэд Верди анхны дууриа тавихаар гэр бүлийн хамт дахин Миланд иржээ. “Оберто, Бонифачо гүн” нэртэй дуурь нь хэдийгээр зохиомжийн хувьд төдий сайн болоогүй ч үзэгчид талархан хүлээж авч байжээ. Хоёр жилийн дараа “Набуко” гэж дуурь бичсэнээр түүний нэр Европ даяар түгэн тархаж эхлэв. Нэр хүнд нь өсөж эхэлсэн тэр үед хоёр хүүхэд, бас эхнэр нь нас барсан нь түүний гэнэтийн цохилт байлаа.
Гэсэн ч тэр бүтээсээр, туурвисаар, үзэгчид ард түмэн хайрлан хүндэлсээр. Гэр бүлийнхнээ алдсанаас хойшхи 10 жилийн хугацаанд 14 дуурь бичсэн байв.

Францын хувьсгалаар өдөөгдсөн үндэсний чөлөөлөх хөдөлгөөн Вердийн санаа бодолд хүчтэй нөлөөлдөг байсантай холбоотойгоор эх оронч үзэл уран бүтээлийнх нь үндсэн сэдэв байжээ.

No comments:

Post a Comment