Saturday, June 9, 2012

Зигмунд Фрейд




Image
“Би энэ элдэв зvйл бичигчдийг vзэн ядаж байна. Хэн ч миний хувийн амьдралд оролцох эрхгvй гэж хичнээн дахин хэлдэг юм бэ” хэмээн Зигмунд Фрейд гартаа нэгэн цаас барьчихсан хашгичиж байлаа. Энэ этгээд ааштай эрхмийн тухай Австрийн нэрт зохиолч Стефан Цвейг л бичиж зvрхэлжээ. Хэрэв Цвейг биш өөр хэн нэгэн хvн бичсэн бол Зигмунд Фрейд тэрнийг нь лавтайяа устгах байсан биз.

Австрийн нэрт сэтгэл судлаач, сэтгэл мэдрэлийн эмч Зигмунд Фрейд 1856 оны тавдугаар сарын 6-нд Фрейбург хэмээх жижигхэн хотод ноосны худалдаачны гэр бvлд мэндэлжээ. Тvvнийг дөрвөн настай байхад нь тэдний гэр бvлийн санхvvгийн байдал хvндэрч Венад нvvн иржээ. Тэрээр Венад 1938 он хvртэл амьдарч байгаад фашизмаас зугтааж Англи руу цагаачилсан юм.

Хэдийгээр Фрейд найман ам бvлтэй, ядуухан айлд төрсөн ч сурлага сайтай хvvхэд байв. Гимназид ороод ч тэрбээр маш сайн сурч байсан аж. Психоанализийг vндэслэгч, хvний ухамсарт байдаг далд ертөнцийг нээж өгсөнд Зигмунд Фрейдын гавьяа оршдог билээ.

З.Фрейд еврей байсан учраас тэр vеийн бичигдээгvй хуулиар анагаах ухаан болон хууль эрхээс бусад мэргэжлийг эзэмших нь тvvнд хориотой байсан аж. Ингээд Ч.Дарвин, В.Гетё нарын нөлөөгөөр тэр 1873 онд Венийн их сургуулийн анагаах ухааны факультетад орж суралцсан байна. Венийн их сургуульд тэр бусад оюутнуудаас илvv 3 жил буюу нийт 8 жил суралцжээ. Фрейдийг еврей гаралтай хэмээн гадуурхаж, тvvнтэй доод зиндаанд харилцаж байв. Гэвч энэ нь тvvнд зорьсондоо хvрч бэрхшээлийг даван туулах чадварыг бий болгожээ.

Тэр суралцахын зэрэгцээ Эрнст Брюкегийн физиологийн институтэд ажиллаж байжээ. Фрейд гистологийн чиглэлээр бие даасан судалгаануудыг хийж, анатоми, неврологийн салбарт олон тооны өгvvллvvдийг нийтлvvлж байв.

26 насандаа Венийн их сургуульд анагаах ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан хэдий ч Брюкегийн институтэд ажиллах боломж олдсонгvй. Энэ vед Фрейд анхныхаа дурлалтай учирч, хэрэв гэрлэхэд хvрвэл гэр бvлээ тэжээх хангалттай цалинтай байх ёстойг сайтар ухааран, дургvй байсан ч хувиараа практик ажил хийж эхэлжээ. Фрейд 21 настай, туранхай, жижигхэн боловч эвлэг биеэ аятайхан авч явдаг бvсгvйд дурлажээ. Гэхдээ тэр танилцаад удаагvй байхдаа “Зураач уран барималчдын гоо сайхны ойлголтоор авч vзэх юм бол чамайг vзэсгэлэнтэй бvсгvй гэхэд хэцvv юм гэж хайртай хvндээ бичиж байв. Тvvнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь маш их сонирхолтой хэвээр байв.

Эхлээд тэр мэс заслын эмч, дараа нь сэтгэц засалч, сvvлд нь Венийн нэгдсэн эмнэлэгт “гэрийн эмч”-ээр ажиллажээ. Энэ хугацаанд тэрээр психиатрийн курс дvvргэж тvvний сонирхол нь сэтгэцийн эмгэг болон бие махбодийн өвчний асуудал руу татагдаж эхлэв. Ингээд 1885 онд тvvнд аз тохиож тэрээр Венийн их сургуульдаа багшлах болов. 1884-1887 онд Фрейд кокаинтай холбоотой хэд хэдэн судалгаануудыг хийснээс кокаины сэргээх шинж чанар нь тvvний гайхлыг татжээ. Тэрээр кокаиныг биеийн болон оюун санааны туйлдсан vед хэрэглэж болох талаар бичиж байсан боловч тvvнээс гарах хор уршгийн талаар бусад судлаачдын саналтай нэгдэж, удалгvй энэ судалгаагаа орхисон юм.

Брюкегийн тусламжтайгаар Фрейд Парист Шаркогийн удирдлага дор ажиллаж байхдаа хийрхэж хашгичиж загнадаг эсвэл муужирч унадаг өвчтөнvvд нь сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой байдгийг нээжээ. Энэ өвчний гарал vvслийг зөвхөн сэтгэл зvйн vvднээс тайлбарлаж болох юм гэсэн дvгнэлтэд хvрчээ. Фрейд ахмад vеийнхнээс нэлээд нэрд гарсан сэтгэл мэдрэлийн эмч Брейертэй хамтран 1895 оноос хийрхэж бахардах өвчнөөр өвчлөгсдийг ховсдон унтуулж, өвчнийг vvсгэсэн vйл явдал, тохиолдлуудын тухай яриулдаг байв. Зарим тохиолдолд өвчтөнvvд уйлж, сэтгэл санаа нь ихэд догдолж байсан нь тэдний эдгэх нэгэн нөхцөл болж байжээ. Брейр энэ аргаа катарсис (цэвэрших гэсэн утгатай латин vг) гэж нэрлэж байв. Энэ арга нь Фрейдийн сонирхлыг ихэд татаж, тэрээр тухайн ондоо багтааж “Хийрхэх өвчин судлал” хэмээх ном туурвижээ.

Фрейд уг хамтарсан ажлаа дvгнэн хийрхэж бахардах өвчнөөр өвчлөгсдийн өвчний шинж тэмдэг нь амьдралын vйл явдлын vр дагавар юм. Ингэхлээр анагаах арга нь уг vйл явдлыг сэргээн сануулахад оршино гэж бичиж байв. Тэр ховсдох аргыг сонирхож эхлэв. Өвчин хvндэрсэн тохиолдолд ховсдон унтуулах нь өвчтөний зvгээс эсэргvvцэлтэй тулгардаг явдал нь шинэ арга замыг хайхад хvргэжээ. Тэр ихэвчлэн эмэгтэйчvvдийн зан араншин, өвчинг судладаг байв. Эмэгтэйчvvд эмзэг сэтгэлтэй хvмvvс тул тэдэнд хашгичин гуугчиж, дэвсэлж бахардан унах, толгой тархи нь өвдөх явдал элбэг тохиолддог аж.

1896 онд Фрейд анх удаа “психоанализ” хэмээх нэр томьёог сэтгэцийн процесс, vйл хөдлөлvvдийг тайлбарлах замаар сэтгэл санааны хямралтай өвчтөнvvдийг эмчлэх аргадаа хэрэглэсэн байна. 1900 онд Фрейдийн олонд алдаршсан “Зvvд нойрыг тайлбарлахуй” зохиол нь хэвлэгдэн гарчээ. Хожим нь 1931 онд зохиолч уг номынхоо талаар дурдахдаа “Миний бодож байгаагаар энэ ном нь миний нээх завшаан олдсон нээлтvvдийг агуулж чадсан юм” хэмээн бичсэн байдаг.

1901 онд “Ердийн амьдралын психопатологи”, 1905 онд “Сексийн шинэ чанарын тухай онол”, “Нэгэн хийрхлийн тvvхээс” зэрэг Фрейдийн бvтээлvvд гарав. Тэрбээр 1910 онд АНУ-ын Кларкын их сургуульд урилгаар лекц уншин тvvний зохиол бvтээлvvд нь англи хэлээр хэвлэгдэн гарч байв. З.Фрейдийн онол, vзэл баримтлалыг сонирхогчдын тоо улам ихээр олширч байлаа. 1910-1913 оны хооронд “Леонардо Да Винчи”, “Шvтээн ба хориг” зохиолууд нь хэвлэгджээ. Фрейдийн неврозыг эмчлэх арга нь бие хvн ба тvvний хөгжлийн тухай сонгодог сургааль болон хувирчээ.

Харамсалтай нь 1923 онд Фрейд нvvрний арьсны хавдраар өвчилж нийт 33 удаа хагалгаанд орсон боловч амжилт олсонгvй. Гэвч Фрейд өвчнөө vл тоон маш их ажиллаж байжээ.Тvvний бичсэн зөвхөн тvvвэр зохиол нь бvгд 24 боть болдог. Фрейдийн нэр, зохиолууд нь алдартай болох тусам тvvнийг шvvмжлэгчид ихэсч байлаа. Учир нь Фрейд хvний төрх байдлын далд шалтгаан бvхнийг бvхэл бvтэн тогтолцоонд тайлахыг зорьж, хvний сэтгэцийн хамгийн эмзэг нууц, хамгийн бага судлагдсан нууцыг тайлсан нь тухайн vедээ шvvмжлэлд маш их өртөж байсан юм.

1933 онд Германд нацистууд засгийн эрхийг авсаны дараа Зигмунд Фрейдийн сургаалийг хvний эсрэг хэмээн зарлаж зохиол бvтээлvvдийг нь галдан шатааж байжээ.
Тэрбээр 1938 онд Лондонд очоод алдарт зохиолч Стефан Цвейг, Испанийн сод зураач Сальвадор Дали нартай танилцаж нөхөрлөсөн аж. Гэвч энэ нөхөрлөл удсангvй. Зигмунд Фрейд жилийн дараа буюу 1939 оны есдvгээр сарын 23-нд эмчлэгч эмчээрээ унтуулах тариа зориуд хийлгэж мөнх бусыг vзvvлжээ.

No comments:

Post a Comment