Saturday, June 9, 2012

Махатма/ Их багш/ Ганди




Image
Энэтхэгийн тvvхэнд төрөн гарсан гайхамшигтай удирдагчдын нэг Махатма Ганди 1869 онд чинээлэг гэр бvлд төржээ. Тvvний эцэг муж нутгийнхаа захиргааны нэгэн томоохон тvшмэлийн албыг хашдаг байсан аж. Ганди тvvний дөрөв дэх эхнэрээс төрсөн хvvхэд байлаа.

Сонирхолтой нь Ганди багадаа хvvхдийн томоогvй зангаар хулгай хийх, худлаа хэлэх тохиолдол гаргадаг байсан гэдэг. Гэвч төдөлгvй буруугаа ойлгож, хэргээ хvлээж, хийсэн vйлдээ их л гэмшжээ. Учир нь тvvний гэр бvлийн гvнзгий харьцаа, хайр итгэлцлэл нь ийнхvv жаалхvvг өөрөө өөрийгөө буруушаахад хvргэдэг байв. Ийм тохиолдолд аав нь тvvнийг уучилж чаддаг байжээ.

Тvvний хамгийн хайртай хvн бол ээж нь. “Хожим ээжийнхээ тухай “Сvсэг бишрэлдээ vнэнч амласнаа заавал биелvvлдэг нэгэн байсан” гэж дурсан ярьсан байдаг.

Гандигийн улстөрийн амьдралдаа баримталдаг гол зарчим нь тайван замаар асуудлыг шийдвэрлэх явдал байлаа. Оюутан ахуй цагтаа буюу Англид хуулийн сургуульд сурч байх vедээ ийм vзэл бодолыг олж авчээ.

Энэ vед тэрбээр “Гита” хэмээх нэгэн судрыг уншиж vзтэл “Эцсийн vр дvнгийн талаар байнга бодож, шаналж явдаг хvн ажил vvргээ гvйцэтгэх явцдаа сэтгэл санаа нь vймэрдэг. Тиймээс тогтворгvй тэвчээргvй болсон тэр хvн хvссэн vр дvндээ хvрч чаддаггvй бөгөөд хэнд ч vнэнч бишээр ханддаг” гэсэн сургааль тун их таалагдсан гэдэг. Гита гэдэг нь лалын шашнаар бол коран судар, христээр бол библийн номтой адил хинди vндэстний нэг төрлийн номлол аж.

Ингээд хуульч мэргэжилтэй, 25 настай Ганди Өмнөд Африкийг зорьжээ. Тухайн vед энэ орон арьсны өнгө, шашин шvтлэг, зэргэ зиндаагаар дотроо хэдэн хэсэгт хуваагдсан тэмцэл, сөргөлдөөн ихтэй эмх замбараагvй нийгмийн тогтолцоотой байлаа. Ганди галт тэргэнд нэгдvгээр зэрэглэлийн тасалбар авч суусан боловч галт тэрэгний ажилтан “Энэтхэг хvн зөвхөн гуравдугаар зэрэглэлийн суудалд суух ёстой” хэмээн тvvнийг өөрийнх нь байрнаас хөөжээ.

Харин залуу Ганди энэ доромжлолыг хvлээн зөвшөөрч чадсангvй. Тvvнийг эсэргvvцэл vзvvлэхэд орон нутгийн цагдаа ирж ачаа тээшийнх нь хамт галт тэрэгнээс гарган хаяв. Гvн харанхуй шөнө ганцаараа хээр хоцорсон тэрбээр ихэд уурссан боловч нутаг буцах уу, эндээ vлдэх vv гэдгээ шийдэж чадахгvй байлаа. Гэвч хэсэг хугацааны дараа энэ бvхэнтэй тэмцэх хэрэгтэй гэдгийг ойлгожээ.

Ганди нутаг нэгтнvvдтэйгээ уулзаж санаа бодлыг нь сонсоход тvvнд тохиолдсон явдалтай төстэй маш олон жишээг тэд ярьж өгөв. Ганди “Өөрийнхөө тархиар өөрөө чулуун хана мөргөж болохгvй” гэсэн зарчмыг ойлгож тэмцэлээ vргэлжлvvлэхээр шийджээ.

Ингээд Ганди тун удалгvй олон тvмэнд хvлээн зөвшөөрөгдсөн албан ёсны бус удирдагч болсон бөгөөд энэтхэгчvvддээ vнэнч шударга байхыг уриалж, шашны ялгааг хэрэгсэлгvй англи хэл сурахын чухалыг сануулж байлаа. Тvvний төмөр замын удирдлагад хандан “Боломжийн хувцаслан, зохих төлбөрөө төлсөн энэтхэг хvн ч гэсэн нэгдvгээр зэрэглэлийн суудалд суух эрхтэй” гэсэн захидал төдөлгvй биелэлээ олсон юм.

Энэ нэг тохиолдол Махатма Гандигийн амьдралын vлдсэн он жилvvдэд маш чухал нөлөө vзvvлсэн байна. Цор ганцаараа эзэнгvй зам дээр хаягдсан ч гэсэн ухарч буцалгvй цааш vргэлжлvvлэн аялахаар шийдсэн тvvний нэгэн удаагийн ухаалаг алхам Махатма Гандиг Энэтхэгийн төдийгvй дэлхийн томоохон удирдагчдын эгнээнд оруулсан юм.

No comments:

Post a Comment