Saturday, June 9, 2012

“Ард түмний гавьяат” дуучин Н.Төмөрхуяг: Өөрийгөө олигтой аваад явж чадахгүй, ааш араншин муутай намайг хэн тоож суух вэ дэ

1980 оны сүүлээр монголын нийтийн дууны урлагт урт устэй, солгой гараараа гитар тоглон уянгалаг сайхан хоолойгоор “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн дуулсаар ард түмний сэтгэлийн нандин өргөөнд дуутайгаа заларсан хүн бол яахын аргагүй, ард тумний дуучин Намдагийн Төмөрхуяг билээ. Түүнийг өөрийн хэлэх гэснээ л хэлдэг, бодол цагаан, сэтгэл сайтай нэгэн гэж уран бутээлч нөхөд нь үнэлдэг. Урт үсэнд нь буурал орж нэлээд өтлөх шинжтэй болсон тэрээр гитараасаа хэзээ ч салахгүй шүү гэсэн шиг орныхоо хажууд тавьжээ. Ингээд уншигч танд дуучин Н.Төмөрхуягтай хийсэн ярилцлагаа сонирхуулъя.



Саяхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсанд баяр хүргэе. Таны бие тэнхээ сайн уу. Амьдрал ахуй ямархуу байна даа?


-Баярлалаа. Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос төрийн том шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсандаа баяртай байна. Миний бие гайгүй ээ. Энэ муу хөл л гэхээс биш надад одоохондоо өвдөх юм алга байна. Хэд хоногоос гэрийнхээ ойролцоо эмнэлэгт хэвтдэг юм уу. Яахав дээ. Нийслэл хотынхоо баруун захад, нутгийн дүү нартайгаа амьдарч байна даа. Уран бүтээлээ хийгээд л явж байна.


-Та монголд ардчиллыг түгээхэд гар бие оролцож явсан хүний хувьд өнөөдөр сэтгэл амар амьдарч чадаж байна уу?


-1989 оны 11 дүгээр сард Залуу уран бутээлчдийн улсын хоёр дугаар зөвяегеөн гэж болсон. юм. Тэнд оролцох гэж Хэнтий аймгаас тавуулаа ирж байсан. Энэ зөвлөгөөн дээр үг хэлж, тэнд анх Ардчилсан холбоо байгуулагдаж байлаа. 1990 оны хоёрдугаар сард Ардчилсан холбооны анхны Их хурапд төлөөлөгчөөр суусан юм. Зөв залаагүй, дунд нь жаахан сарнисан болохоос биш ардчилал Монгол Улсад их өөрчлөлт, их зүйл авч ирсэн.


-Энэ шагнал таны урлагт зүтгэснийг үнэлсэн үү эсвэл монголд ардчиллыг түгээхэд оруулсан хувь нэмрийг тань үнэлсэн юм уу?


-Миний уран бүтээлийг ч мэднэ, ардчилалд оруулсан хувь нэмрийг ч мэднэ. 1989 онд Залуу уран бүтээлчдийн Улсын хоёр дугаар зөвлөгөөн дээр Ц.Элбэгдорж бид хоёр зэрэгцээд сууж байсан. Тэр үед Ерөнхийлөгч маань “Улаан-Од” сонинд цэргийн сэтгүүлч байсан юм. Миний дууг сонсоогүй монгол хүн байхгүй дээ. Тэгэхээр аль, алийг нь үнэлсэн байх гэж бодож байна.


-Анх “Ард түмний гавьяат” гэдэг энэ цол тэмдэг их л үнэ цэнтэй байлаа. Одоо ямар ч нэр хүндгүй мөнгөний шагнал болж хувирлаа. Энэ шагналны анхны эздүүдийн нэг та байх аа?


-2006 онд “Монголын авьяастаны төлөө” холбооноос надад “Ард түмний гавьяат” цол тэмдэг өгсөн юм. Би энэ цолондоо маш их хайртай. Энэ нь ард түмний санал асуулгаар дүгнэгддэг том цол. Анх надтай цуг авч байсан хүмүүсийн ихэнх нь “Монгол Улсын гавьяат” болцгоосон учир их бэлгэшээж явдаг.


-Одоо залуу дуучид хэдэн дуу дуулаад эсвэл нэг тоглолт хийгээд л МУСТА авдаг болчихож. Тэгэхэд та 30 жил дууллаа, одоо хүртэл Соёлын тэргүүн ч үгүй явж байна?


-Ойлгоход хэцүү юм их байна. Хорь, гучин жил дуулаад аваагүй хүмүүс зөндөө байдаг. Дуулдаг хүнд нь өгдөг бол би Соёлын тэргүүний ажилтан авах хэмжээний уран бүтээл хийсэн л баймаар юм. Монголын урлаг надад энэ тэмдгээ өгөөгүй л байгаа. Манай ардчилсан намын хэдэн нөхөд надад Монгол Улсын Гавьяат Жүжигчин өгөх гээд тодорхойлолт гаргуулах гэсэн чинь, энэ хүн Соёлын тэргүүнээ ч аваагүй юм байна гээд тодорхойлолт гаргаж өгөөгүй юм билээ.


-Социализмын үед нэг хэм хэмжээнд баригдаж, хэлж ярихаа хүртэл цагдуулж байсан гэдэг. Тэр үед таны шударга зан, хэлье гэснээ шууд хэлчихдэг талаас чинь болж шагнал урамшуулал татагдсан байж болох л юм?


-Би ч бас тэгж боддог. Тэр үед миний зүгээс нөлөөлөх буруу зөрүү ааш араншин байгаагүй. Ганцхан хэлье гэснээ хэний ч өмнө хэлчихдэг байсан нь тухайн үеийн удирдлагуудад таапагдаагүй. 1980-аад онд ардчилал гараагүй үед удирдлагуудад яаж таалагдах билээ. Залуу ч байж, омголон ч байж. Ардчилап гээд орилоод гүйж явахад эмээ маань “За хүү минь, дуугүй байсан хүн бүтэж үхсэн” гэж би дуулаагүй шүү гэж зэмлэж билээ. Хөөрхий минь намайг л бодсондоо хэлж байсан. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэж үг бий. Гэхдээ одоо яахав дээ.


-Та 1990-ээд онд “Морин хуур” наадамд тэргүүн болон дэд байрыг олон удаа авч байсан. Ард түмнийг ухааруулж, уяруулан сэтгэлд хөг нэмсэн сайхан дуунууд тань нэг ч клип байдаггүй юм билээ?


-Тийм шүү. Миний нэг ч дуунд клип байдаггүй. Монголын Үндэсний Телевизийн “Аптан сан хөмрөг”-т хэд хэдэн уралдаан тэмцээнд оролцож байсан дүрс авагдсан байдаг юм. Саяхан нэг залуу дуучинтай “Хорвоод ганцхан ээждээ” дууг хамтарч дуулж кпип хийлгэлээ. Надад тэр клип хийлгэх мөнгө ч алга, шаардлага ч алга. Би ард түмэнд танигдана гэж клип хийлгэж явахгүй ш дээ. Ямар дөнгөж дуучин болох гэж байгаа биш. Миний уран бүтээлийг дүрстэй ч, дүрсгүй ч ард түмэн хүлээгээд авчихсан. Тэгэхээр тэр клип хийлгэх гэж явснаас, хоол хүнсээ авсан нь дээр байх. Харин ганц кино концерт хийлгэх санаатай л байгаа. Дуу гэдэг бол хүний сэтгэл зүрхнээс өөрее ундарч гардаг амьд аялгуу. Тэр нандин бүтээлийг хүнд хүргэх амар юм биш. Үнэхээр эцэг эхээс заяасан авьяас байдаг. Дуучин гэдэг бол нэг дуу дуулахад хүмүүс дагаад дуулдаг байх ёстой.



Радиогоор дуу нь явж байхад л, тэр дуулж байна гээд мэддэг. Гэтэл одоо бол мэдэгдэх дуучид цөөхөн байна, тэгээд өөрсдийгөө мэдүүлэх гээд энэ олон клип гэдэг юм гаргаад байна. Хоолойгоороо танигдсан дуучид цөөхөн байна даа. Миний дуунууд явж байхад Төмөрхуяг дуулж байна гээд бүгд мэддэг юм. Би тавиад дууны хөгжим бичсэн.


-Та бие даасан тоглолтоо хийнэ гэж байгаад нам гүм боллоо. Сүүлийн үед тайзан дээр гарав уу. Уран бүтээл хийхгүй нэлээн олон жил завсарлалаа шүү дээ. Хамгийн сүүлд 1992 онд бие даасан тоглолт хийсэн  санагдаж байна?


-Эмнэлэгээс гараад тоглолтын ажилруугаа орно. Ивээн тэтгэгч нь л олдчихвол өөр санаа зовох юм алга байна. Ямар дуу дуулах уу, тоглолт нь дээрээ хэнийг авч ирэх үү гэж зовох асуудал байхгүй. Миний дуунууд бүгд хит болсон гайхалтай дуунууд шүү дээ. Хамгийн сүүлд 1996 онд талийгаач Цэрэнчимэд, Мөнхбаяр бид гурав “Уянгын дууны гурван уулзвар” нэртэй хамтарсан тоглолт тавьсан юм. Энэ хэдэн жилд явъя гэсэн газраараа очиж, дуртай газраа тоглож ёстой нэг дураараа дургиж явна. Ид дуулж байхад өдөр шөнөгүй л найр, наадамд уригдаж байлаа.Одоо бол цөөхөн болсон. Гэхдээ янз бүрийн тоглолт тасрахгүй л байна. Сэтгэлээрээ очиж ая дуугаа өргөдөг. Харин энэ жил зориглоод бие даасан тоглолтоо тавих гээд байна.


-Таныг гитаргүйгээр төсөөлөхгүй байна. Олон гитар элээсэн үү. Хуучин гитаруудаа яадаг вэ?


-Одоо ганцхан гитар байна. Миний сайн нөхөр, энэ муу гитар минь л надад үлдэж дээ. Олон жил энэ хорвоогийн сайн, мууг хамтдаа туулж явна. Намайг хаяж, надад хаягдаагүй үнэнч найз минь бол гитар. Олон гитар байсан. Хүнд бэлэглээд, заримыг нь хулгайч нар нь аваад явчих юм. Гитаруудаа цуглуулсан бол овоо хэдэн цуглуулгатай болчих байсан байх.


-Таны хөл юунаас болоод ийм болчихов. Бэртэл юм уу. Гэнэт л таягтай болчихсон?


-Бэртэл биш. Таяг бариад зургаан жил болж байна. Хөл маань сул болохоор жижигхэн чулууг ч гэсэн мэдрээд уначихна.Тэнцвэр муутай болчихдог юм билээ. Тийм болохоор байнга таягтай явдаг юм. Нэг хэсэг хоёр хөл маань хоёулаа таг болоод тэргэнцэр дээр байдаг байлаа. Одоо арай дээрдэж байгаа, болж өгвөл таяггүй яваад байгаа шүү. Хүнд хоёр гол судас байдаг юм билээ. Тэрийг эвгүй дараад удаан хэвтсэн байна гэсэн. Тэрнээс болоод цусны эргэлтэндээ нөлөөлөөд, хөл суларсан гэсэн.


-Та хоёр эхнэр аваад салсан. Одоо эргэж тойрох юм уу, таныг. Нас гайгүй байгаа юм чинь насны эцэст цайгаа хувааж уух хүнтэй болох талаар бодохгүй байна уу?


-Ах нь гайхуулаад байх амьдралтай хүн биш. Ганцаараа байна. Эхнэр хүүхэд байсан. 1993 онд салсан. Дараа нь нэг авгай аваад таван жил болоод бас салсан. Түүнээс хойш ганцаараа явна. Одоо хүнтэй суугаад яахав дээ. Ааш араншин таарахгүй, хүн зовоохын нэмэр биз. Тэгээд ч өөрийгөө олигтой аваад явж чадахгүй, ааш араншин гэж хэцүү болсон надтай хэн цайгаа хувааж уух вэ дээ. Аав маань намайг “Чи бол хүнтэй битгий хэл, өөртэйгөө ч нийлэхгүй хүн” гэж хэлсэн үг нь санаанаас гардаггүй юм. Ийм хатуу үг сонсон болохоор ч тэр үү дахиж хүн хүсэхгүй байна. Нэг нэр, хоёр хоч л болно.


-Энэ олон жил ганцаараа амьдарч байна гэж үү. Уйдахгүй байна уу?


-Тийм. Уйдна гэж үү, ийм зүйл байхгүй. Найз нөхөд байна. Тэдэнтэйгээ уулзаж учирна, гарна, орно.


-Найз нөхөдтэйгөө нийлж бор дарс нэлээн зооглож байна уу?


-Би залуудаа архи, дарс уудаггүй байсан. Сүүлийн хэдэн жилүүдэд архи уусан, уусан. Уулгүй ч яахав дээ.


-Хааяа ингэж амьдрах ч гэж дээ гэж өөрөө өөртөө харамсдаг уу. Таны энэ амьдарч байгаа байшин таных мөн үү?


-Юунд харамсах вэ дээ. Сайн явж байвал миний өөрийн ач гавьяа, муу байвап миний өөрийн буруу. Би өөрөөсөө л буруу хайдаг. Өөр хэн ч буруугүй. Миний цорын ганц дайсан бол би өөрөө шүү дээ. Намайг ер нь хэн архи уу гэсэн юм, хэн муу яв гэсэн юм. Хэн ч намайг энэ амьдрал руу хөтлөөгүй. Гагцхүү энэ амьдрал надаас л шалтгаална шүү дээ. Энэ миний байшин. Энэ газар дээр шинэ хороолол барих юм гэсэн. Газрын эздэд байр өгөхөөр уул нь хоёр жилийн өмнө гэрээ байгуулаад явсан, өнөөдрийг хүртэл сураггүй байна ш дээ.


-Та мэдээж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон л байлгүй.Нэмэлт орлого юу байна?


Групп тогтоолгож чадаагүй ээ. Өөрийнхөө төлөө явахгүй юм даа. Хойшлуулсаар байгаад бараг зургаан жил болж байна ш дээ. Уул нь тэтгэмж тогтоолгочихвол хэрэгтэй л байна. Ганцаараа хүнд чинь юу хэрэгтэй юм бэ. Худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, ах дүү нараа зовоохгүй болж л байна. Халтуур энэ тэрд явчихаад байдаг юм. Өмсөх хувцас байна, хонины ганц гуя авахад надад сар гаруй болж байгаа юм шүү дээ. Үргэлж ч гэртээ байхгүй л дээ, сэтгэл тогтож өгөхгүй гараад явчихна.


-Та хэдэн хүүхэдтэй вэ. Аль эрт өвөө болсон биз дээ?


-Гурван хүүтэй. Том маань эхнэр аваад, охин гаргаж намайг өвөө болгосон. Дунд хүү маань Техник технологийн коллежид сурдаг, бага хүү ажил хийдэг. Тэд хааяа ирнэ. Саяхан дунд хүүгийнхээ сургууль дээр очиж нэг арга хэмжээн дээр дуулж өгсөн.


-Танд зохиогчоос нь өвлөгдсөн уран бүтээлүүд олон биз дээ. Төмөрхуягийн гэж овоглон нэрлэсэн Дуунуудыг залуу уран бүтээлчид дуулж сонсогддог юм. Зөвшөөрөл авч дуулах юм уу?


-Миний данстай зөндөө л дуу байгаа. Уул нь одоо оюуны өмч гээд л яриад байгаа. Тэгсэн хэрнээ ерөөсөө зөвшөөрөл авдаггүй ш дээ.Энд тэнд дуулаад л байдаг. Саяхан залуу дуучин Балдан гэж залуу ирж дуугаа өгөөч гэж зөвшөөрөл авсан. Сайхан л санагдаж байсан. Хааяа нэг залуучууд ирээд “Би таны дууг дуулъя, та бас миний дууг дуулаач” гэж байдаг юм. Үг, ая нь мэдэгдэхгүй та нарын дууг би тоож дуулахгүй гэж хэлдэг. Тэд нар ч    миний дууг дуулж чадахгүй.


-Танд бурхан харамгүй авьяас хайрласан. Гэтэл та тэр сайхан боломжийг ДУТУУ л ашиглаад байх шиг. Дуучин гэдэг мэргэжил бараг бизнес болсон. Та юу эс андах вэ дээ?


-Би бусад хүмүүстэй адилхан авхаалж, хөдөлгөөн муутай юм шиг байгаа юм. Ухаан санааны хувьд хэний ч доор орохгүй. Бас тийм шуналтай хүн биш. Хүнд их зүйл хэрэг байхгүй ш дээ. Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Их мөнгө олоод ч яах юм. Бурхан надад маш их юм өгсөн. Даанч би хөгжүүлээгүй. Энэ солгой гараараа яггүй зурна шүү. Би Дүрслэх урлагийн сургуульд тэнцээд явах гэхэд аав “Чамайг тэр хотын хог дээр гаргаад яах вэ дээ” гээд явуулаагүй юм. Тэгэхээр би залуудаа архи уудаггүй ч гэсэн танхай явсан байгаа юм. Найзууд маань жаахан халамцуу үедээ надаас айгаад зугатдаг байлаа. Би их ааш муутай, архи уусан хүнтэй их муухай харьцана.


Нударга зөрүүлнэ, ширүүн ч байлаа. Харахад ийм зөөлөн юм шиг атлаа би нэлээд гайгүй хулигаан явсан юм шиг байгаа юм. Солгой Төмөрөө, хутга Төмөрөө ч гэнэ. Хутгаар бол мэргэшсэн байлаа. Тэгэхдээ буруугаар биш шүү. Айж ичих юмгүй явжээ, одоо бодоход. Хэдий ийм хулигаан ч ах зах хүмүүсээс айна, тэднийг    хүндэлдэг байж. Үеийнхэнтэйгээ л зодоон цохион хийхээс биш ах настай хүний өмнө хонь. Урлаг намайг хүмүүжүүлсэн.


-Ярилцсанд баярлалаа


Л.Цэдэвсүрэн
Эх сурвалж: "Тэргүүн" сонин

No comments:

Post a Comment