Saturday, June 9, 2012

Э.Анхбаяр: Санахуй



Нуурын захын булингар тогтож

Наран жаргах агшинаа малын хөлөөр цэцэгсийн тоос үржиж
Амирлангуй цогцолсон Дэрсэнэ-Усны дэнж
Аглаг буйдын хөдөөд минь шөнө ирнэ
Лам гэгээ завилах зулын гэрэлд эрвээхэй шүтэж
Лав эргэж ирэхгүй алга болно
Туурайн хээгээ гээж яарсан чөдөртэй морьд
Тургилан эрэгцээд бүрэнхийд шилжинэ
Амьдрал жамын дундуур цувах хоногуудаас минь
Ахуй байргал холбоход харамсаж байвч
Намар эртийн тунгалаг шөнийг туйрвалцаж
Нойр хулжин сэрүүн хөрвөөх минь сайхан санагдана
Тэнгэрийн дорно хаяа алсын гялбаатай
Тийш хүрэх хүсэл сөхөөтэй хаяанд багтана
Усан бороо тэнд асгарч бий дээ гэж бодохоор
Улзын гол үерлэж байх шиг санагдана
Яг энэ агшинд л би чамайгаа туйлаас санаж
Янагийн сэтгэл дэвээд орондоо дуулмаар болно
Аяны орчлонг ардаа түр орхиж замынхаа тоосыг ч гөвөлгүй
Амраг чамайгаа тэвэрч бүхнийг мартмаар байна
Даль жигүүр цуцаагүй залуу насныхаа маргааш руу
Дураараа яарч болохгүй аяны орчлон өмнө минь байна


No comments:

Post a Comment