Sunday, June 10, 2012

Д. Урианхай :Намар морио услахуй

 
Ганц шувуу шанд эргэнэ…
Яагаад ч юм бэ,
Яст мэлхий мөлхөх шиг удаан эргэнэ…
Яагаад ч юм, морь минь
Ус уухаа мартаад, хуурай амгайгаа бодлогошронгуй хэмлэн,
Уулын орой уйтай ширтэнэ…
Ганц шувуу шанд эргэнэ…
Ганц шувуу ганцаараа шанд эргэх нь
Газарт далавчаа гээчихээд, хөөрхий,
Өдөржин эрэх мэт,
Өрөвдмөөр, цуг нисэлцмээр харагдана…
Олмоо султгаж исгэрлээ…
Морь минь
Шандны боргионоос
Шувууны сүүдэр үнэрлэнгээ,
Сэтгэлийн минь чагтагыг эрэх мэт
Бүлээхэн уруулаараа алга тэмтчин,
Нүд рүү минь
Нүгэл мөрдөх мэт гүн ширтэн,
Аяархнаар… уйлах мэт аяархнаар үүрсэх нь
Аянга гэнэт нүргэлэх мэт
Сэтгэлийн шугуйд нөр цуурайтна…

1979-1994.1.3.
2002.10.3.

No comments:

Post a Comment