Sunday, June 10, 2012

Цагаан уул 2011 наадмын /Тэргүүн байрын шүлэг/ Ч.Өсөхболд Хайрт минь

Орчлон өвөлд бэлтгээд
Одод гэрлээ татаад л
Сар хүртэл инээхээ болиод
Модод дуугаа хурааж
Шөнийн шувуудын нислэг ч 
Сэтгэлд хүрэхээ больж байна
Энд өвөл болж байна
Гэвч
Тэнд хаварт бэлтгээд
Тэнгэр нь бороонд бүлээцээд
Шувууд өнөөх хайрын дуугаа аялаж
Модод сүүдрээ дэлгээд л
Дурлалын хотод, дурлалын эзэн маань
Дууланхан моддын доор суугаад л
Тэнд хавар болж байна.
Тэнгэрээс цагаахан одод бууж
Үсэн дээр чинь эрхлээд л
Тэнд ямар нам гүм гээч
Үгээр хэлэхийн аргагүй...
Тэвчээр минь, итгэл минь
Тэнгэр минь, инээд минь
Үг минь, үнэнч сэтгэл минь
Тэнд хавраараа байна.
Дандаа бүлээхэн бороо шивэрч
Дараа нь хайрын өнгөтэй солонго татаад л
Чи минь түүнийг хараад 
Чимээгүйхэн моддын доор зогсож байна
Бурхан минь
Буцаах, түлхэх, ухраах эрх таньд байхгүй шүү
Энд бүх зүйл хавраараа байнаа
Хайрт минь...

No comments:

Post a Comment