Sunday, June 10, 2012

Бетховен: “САРНЫ СОНАТ”


Гүнгийн авхай Жулия Жуичиард
-ТЭРБЭЭР ЖУЛИА ХЭМЭЭХ БҮСГҮЙД ЭНЭ СОНАТАА ЗОРИУЛЖЭЭ- 

Людвиг Ван Беховений Төгөл­­дөр хуурын XIV сонатыг хорвоо ер­төнц дээр мэдэхгүй хүн үгүй.  Энэ сона­тын дэлхий дахинд алдарш­сан нэр нь "Сарны сонат" юм.  Ертөнцийг бүү­вэйлэх мэт санагдах  "Сарны сонат" бол Бетховений хайр дур­лалын онцгой нэгэн дурс­гал ажээ. Тэрбээр өөрийнхөө шавь 17 нас­тай Жулия Жуи­чиард хэмээх бүс­гүйд гүн гүнз­гий дурлаж түүндээ зориулж энэ сонатыг бичсэн бө­гөөд тэр нь гүнгийн авхай байжээ.
Бетховен энэ сонатаа 1801 онд бичсэн. Түүний хайр дурлал амь­дарч асан нийгмийнх нь хооронд үзэл санааны том ангал, зааг ялгаа, хоосон орон зай байж.  Чухам үүний учир Бетховен, Жу­лиа хоёрын хайр дурлал аз жар­галгүй байжээ.  Сарны сонатын эхлэл ер бусын би­чилттэй бөгөөд 1832 онд хөгжим судлаач Людвиг Релштаб уг онцлогт зориулан зохиолыг бүхэлд нь "Сарны сонат" гэж нэрлэсэн байна. Тэрбээр сонат хэрхэн эхэлж буйг сонсоод дөнгөж мандаж буй сарны туяа Люцерн нуурын мандалд гялалзан буухтай зүйрлэжээ. Люцерн бол Австрийн хамгийн том дөрвөн нуурын нэг юм. Бетховен сонатынхаа энэ хэ­сэгт өөрийн зөн мөрөөдлийн ер­төнцийг нээхийн хамт хөгж­мийн зо­хиолчийнхоо хувьд хуучны уламж­лалт хурдан-удаан-хурдан-хурдан гэх хэм­жээсийг дагасангүй. Ин­гэс­­нээрээ сонатын уламж­лалт хэл­бэрээс гажсан нь зориудынх бө­гөөд сонатыг эвдэх биш баяжуул­сан үзэгдэл байв. 
Зуу зуун жил хүн тө­рөлхт­ний зүрх сэтгэлийг соронздон буй "Сарны сонат"-ын өөртөө татах хүчийг үгээр илэрхий­лэмгүй бөгөөд үүний шалт­гаан нь сонат бичигд­сэн эх сурвалж нь билээ. Бет­хо­вений Жулиад дурласан сэт­гэл нь ямар ч эргэлзээгүйгээр захид­луудад нь тэмдэгд­лэг­дэн үлджээ. Тэдгээр халуухан баримтуудаас 1801 оны дол­дугаар сарын 6-нд Жулиад бичсэн захидал нь хам­гийн түгээмэл юм. Уг захидалд Бетховен хайр дурлалдаа хэрхэн шаналж байгаагаа бичжээ. Түүний үгс зүрх сэтгэлийн шаналал ган­цаардлыг бүрэн илэрхийлсэн байх аж. Энэ захидалд:
"Миний сахиулсан тэнгэр, бүх л ертөнц, хүсэл зoриг минь!
Бидний хайр дурлал зо­лио­­соос өөрөөр байх учиргүй гэж үү? Энэ бүхэн хязгааргүй тэсвэр тэв­чээрээс өөрөөр оршсоор байх учиргүй юу? Тэнгэр минь, энэ бүх гоо үзэсгэлэнгийн төрөлх дотоод ертөнц рүү ширтэн харж, хайр дурлалд байх бүх зүйлсийг, бүхий л зөвтгөлийг чимээ­гүйхэн хүлээн аваач!" хэмээн бичсэн байна. Бетховений "Зөвтгөл" хэмээх энэ үгэнд тухайн үед өрнөж байсан олон үйл явдлын учир шалт­гаан нуугдаж байдаг. Тэрбээр энэ захи­далдаа ухааршгүй ихээр тэмүүл­сэн шаналгаат үгсийг бичээд төгс­гөлд нь "Бурхад бидэнд тайт­гар­­лыг илгээх ёстой, тийм л байх учиртай" гэжээ.
Бетховен судлаачид түүнийг Жулиад гэрлэх санал тавьсан, Жулиа ч зөвшөөр­сөн гэж үздэг. Харин бүсгүйн эцэг зөвшөөрөөгүй. Эцэг нь  Бетховенийг зэрэг дэв, хөрөнгө чинээгүй, инж ч үгүй, бас дээрээс нь хачин этгээд зан аран­шинтай, үл бүтээх нөхөр гэж үзэн охиноо түүн­тэй гэрлэснээр аз жаргалгүй нэгэн болно хэмээн зөвшөө­рөөгүй байна. Гэлээ ч гүн хэргэмт Жуиччиардынхан өөрсдөө тийм ч чинээлэг гэр бүл байгаагүй бөгөөд охины­хоо гэрлэлтэд ихэд бодлогтой ханджээ. Эцэст нь Жу­лиа Бетховентэй гэрлээгүй, гүн Вензел Роберт Голенберг гэгчтэй гэрлэсэн байна. Тэр нь мөн л хөгжмийн зохиолч байв.  Жулиад өгсөн Бет­ховений хайр дурлалыг Дантегийн Беатри­чед өгсөн хайр дурлалтай зүйр­лэм. Харин "Сарны сонат"-ын агуу хүч чадал, Дан­тегийн "Тэнгэр­лиг туульс"-ийн нэгэн адил билээ. "Сарны сонат" буюу Бетховений Төгөлдөр хуурын XIV сонат би­чигдсэнээс хойш 209 жил өнгөрөөд байна.      
Н.ПАГМА

No comments:

Post a Comment