Monday, October 15, 2012

Дэлхийн уран зохиол

 Аргентины зохиолч Хорхе Луис Борхес нь постмодерн зохиолын нэг эцэг гэгддэг бөгөөд насныхаа эцэст хараагүй болсноороо “ХХ зууны Хомер” гэж нэрлэгджээ 
та бүхэндээ энэ агуу зохиолчийн Медаль өгүүлгийг толилуулж байна. 


Хорхе Луис Борхес: Медаль


Би түлээчин хүн. Нэрээ хэлээд ч дэмий биз дээ. Төрсөн, мөдхөн дотор нь үхэх овоохой минь ойн захад байдаг юм. Энэ ой, бүхий л хуурай газрыг хүрээлэн байдаг тэнгис далайг хүртэл үргэлжилдэг, тэр тэнгисийн мандлаар минийх шиг овоохойнууд хөвж явдаг гэлцэх юм билээ. Хэн мэдэх вэ, ямар нүдээр харсан биш. Энэ ойн нөгөө талд ч гарч үзээгүй хүн шүү дээ, би . Бүр жаахан хөвгүүн байхад л, ах минь намайг албадаж байгаад, энэ ойн сүүлчийн модыг хүртэл хоёулаа хөрөөдөж дуусгана гэсэн тангараг өргүүлчихсэн юм. Ах минь нэгэнт нас барчихсан л даа, гэхдээ миний толгойд өөр нэгэн зүйл эргэлдэх болсон бөгөөд түүнийг л эцэж цуцахаа үл мэдэн хайсаар л явна. Нар шингэдэг тэр зүгт нэгэн бяцхан горхи урсдаг, би нүцгэн гараараа загас барих гэж тийшээ явдаг юм. Ойд чоно элбэг. Гэвч би чононоос айдаггүй, миний сүх намайг нэг ч удаа гонсойлгож байгаагүй юм чинь. Насаа би тоолдоггүй. Цөөнгүй болсныг нь л мэднэ. Нүд минь юмыг дөнгөж үзэхтэй үгүйтэй. Төөрөхөөс айгаад тосгон руу явахаа ч больсон. Намайг хорголоо тоолсон харамч нарийн, мөнгө хураахын донтой л гэцгээдэг юм. Түлээчин хүн арвитай юм

хуримтлуулж чадна гэж үү?
Цас шууруулахгүйн тулд би овоохойныхоо үүдийг чулуугаар даруулдаг юм. Нэлээд орой болсон хойно нэгэн хүнд алхаа, дараа нь хаалга тогших чимээ дуулдав. Онгойлготол, огт танихгүй хэрмэл эр орж ирлээ. Тоонолжин хээтэй цув нөмөрсөн, өндөр нуруутай, хөгшин хүн. Нүүрэндээ сорвитой юм. Өтөл нас түүнийг бөгтийлгөж гундаагаагүй, харин ч хүч тэнхээ нэмсэн мэт харагдавч, тэрээр таяг тулахгүйгээр явж чаддаггүйг нь би анзаарав. Бид хэдэн үг солилоо. Юун тухай билээ дээ, сайн санахгүй байна. Дараа нь тэр:
Надад орон гэр байхгүй. Хаа тааралдсан газраа л хонож явна. Би бүх Саксонийг хэрэн тойрлоо гэж хэлэв.
Энэ нэр түүний насанд тохирч байлаа. Одоогийн хүмүүс Англи гэх болсон Саксоний тухай эцэг минь дандаа ярьдаг сан.
Надад загас, талх байсан юм. Бид нэг ч үг солилгүй, нам жим хооллоцгоов. Бороо шивэрнэ. Би ахынхаа амьсгал хураасан тэр л газар ангийн арьс дэвсэн ор засаж өглөө. Шөнө болмогц бид унтав.
Биднийг гэрээс гарахад, аль хэдийн өдөр болчихжээ. Бороо арилж, газар дэлхийг шинэхэн цас бүрхсэн байлаа. Түүний таяг нь гараас нь гулган унахад, “Аваад өг” хэмээн надад тушаав.
- Яагаад чи надад тушааж зарлигдаад байна вэ? Гэж би асуулаа.
- Яагаад гэвэл, би өнөө хэр нь хаан! Гэж тэр хариулав.
Би түүнийг галзуу солиотой юм байна гэж бодлоо. Таягийг нь авч өгөв. Тэр эрс өөрчлөгдсөн дуугаар:
- Тийм ээ, би Секхений хаан байна. Тэднийг би хэдэн мянган удаа хүнд бэрх тулалдаанд удирдан орж, ялалт байгуулж явлаа. Гэвч миний хүч чадал доройтож, хаант улсаа алдсан юм даа. Нэрийг минь Изерн гэдэг. Би Одины угсааны хүн хэмээн ярилаа.
- Би Одиныг мэдэхгүй ээ, Христийг л хүндлэн шүтдэг гэж би хэлэв.
Тэр миний хэлсныг огт сонсоогүй мэт цааш үргэлжлүүлэн:
Би хөөгдөж зугтан яваа ч гэсэн, хаан хэвээрээ л байна. Надад медаль бий. Үзэх үү? Гэлээ.
Тэр ясархаг гарынхаа алгыг тэнийлгэв, гэвч юу ч алга. Хоосон алга л үзэгдэнэ. Тэгэхэд л би түүний зүүн гар байнга чанга атгаастай байсныг гэнэт санав.
Тэр над руу эгцлэн ширтээд:
- Гараа хүргэж үзэж болно шүү гэлээ.
Би тэнийлгэсэн алганд нь хуруугаа болгоомжтой хүргэв. Ямар нэгэн хүйтэн юм тэмтрэгдэж, гэрэл цацрахыг үзлээ. Тэрээр бушуухан эргээд атгачихав. Би дуугарсангүй. Тэр надад эгээ л жаахан хүүхдэд сургамжлах мэт:
- Энэ бол Одины медаль. Энэ медаль ердөө л нэг талтай юм. Энэ хорвоо дээр үүнээс өөр ганцхан талтай зүйл гэж үгүй. Энэ медаль миний гарт байсан цагт би хаан хэвээрээ үлдэх болно гэж ярилаа.
- Тэр чинь алтаар хийгдсэн үү? Гэж би асуув.
- Мэдэхгүй. Энэ бол Одины медаль. Цорын ганцхан, нэг талтай.
Тэгтэл надад гэнэт мөнөөх медалийг авах хүсэл төрлөө. Хэрэв энэ медаль минийх сэн бол, би түүгээр уул шиг их алт олж, жинхэнэ хаан болох байсан сан.
Би өнөө хэр нь үзэн ядсаар байгаа тэнэмэл эрдээ:
- Овоохойд минь зоосоор дүүргэсэн авдар нуугаастай байгаа. Тэр зооснуудыг алтаар цутгасан болохоор сүхний ир шиг л гялалздаг юм. Хэрэв надад Одиныхоо медалийг өгвөл, би чамд авдраа өгье гэв.
- Үгүй ээ гэж тэр эрсхэн татгалзлаа.
- Тэгвэл, өөрийнхөө замаар тонил доо гэж би хэлэв.
Тэр цааш эргэлээ. Сүхээр шилэн хүзүүн дундуур нь ганц дэлсэхэд л тэр гуйван унаж, алгаа сарвайв. Тэрхэн агшинд агаарт гэрэл цацраад явчихыг би олж харсан юм. Би сүхээрээ ойн зөрөг дээр тэмдэг тавиад, урьд нь бүр ч их гүнзгий байсан гол руу хүүрийг чирч аваачлаа. Тийш нь түлхчихсэн л дээ.
Гэрийнхээ ойр хавиар нөгөө медалийг тэмтчин хайв. Гэвч ер олсонгүй. Түүнийг хайж л би энэ бүх он жилүүдийг энд өнгөрөөсөн юм даа.
  

Оруулсан Г.Аюурзана:

No comments:

Post a Comment