Wednesday, October 10, 2012

Шүүмж

Д.Урианхайн ертєнц ер бусын этгээд хачин vзэгдлээр дvvрэн

Гунихруу талын элгэнд ганц шувуу эргэх нь ч уйлах шиг
Гадаа жалгын эхэнд чєдєртэй морь vvрсэх нь уйлах шиг… Монголын яруу найрагт Дамдинсvрэнгийн Урианхай хэмээх нэгэн ертєнц бий. Хэлхгэр дээл ємсчихєєд, сахал vсээ цантуулан алхаж яваа нь Улаанбаатарын євлийг чимдэг. Хийц этгээд монгол цамцтай, халуунд vvртэсхийн, их vсэн дороосоо нарыг нvд буландан харсхийж нуруугаа vvрэн айсуй нь Улаанбаатарын зуныг ер бусын бодлогоширонгуй болгодог. Тийм л содон хvн. Юунд ч vл халирах хэнэггvй мэт, тэгсэн мєртлєє хачин нарийн хуниас
нугалаастай шvлэг бичиж тvvндээ автаад уйлна. Бодь амгалан ч юм шиг, тэгсэн мєртлєє жигтэйхэн улстєржиж Ганц хvний хєдєлгєєн” хvртэл байгуулсан. Бvхнийг таньж нэвтэрсэн гvн ухаантан мэт, тэгсэн мєртлєє амьдралын хамгийн энгийн зvйлсийг гайхаж хачирхана. Хуучин цагт манай ємнєє барих эдийн засагчдын нэг явсан атлаа зах зээлийн аашийг єнєє болтол ойлгож ухаарахгvй халаглана. Євгєн хvн мэт, тэгсэн хэрнээ vс сахлын цаанах нvvр царай нь хачин толимог саруул. Буддын шашны ёс жаягийг тєгс мэднэ тэгсэн мєртлєє Есvсийг бас шvтнэ. Тийм л оньсого мэт ертєнц. Тэр ертєнцийн гvн рvv єнгийж vзэх амаргvй. Гэвч тийш єнгийх нэгэн vvд-єрх бий. Тэр бол яруу найраг.

Аглаг шугуйн салхи vнэрээ гээж

Амраг шувууд уйлалдсан намрын орой
Навч унахын тоогоор хагацалд элэх моддоос
Эцсийн навч нь салхинд харвахуй
Нар тэмтрэн бvлээцэх голын ус
Эгшин зуур урсаа зогсохыг сэрнэ…
“Салхи vнэрээ гээж, шувууд уйлалдсан намрын” тухай тєсєєлєхєєс халшрам энэ vгс бол дээд яруу найргийн єнгє аялгуу. “Навч унахын тоогоор мод хагацалд элнэ” гэдэг, “Нар тэмтэрч бvлээцээд голын урсгал зогсоно” гэдэг дээд яруу найргийн сэрэл мэдрэмж. Ийм єнгє аялгуу, ийм мэдрэмж сvлэлдсэн ертєнцєд бvсгvй хvн орж ирээд, Б.Галсансvхийн хэнсэнчлэн, “хормойгоо засан суугаад шvлгийн ном уншвал” ямар байх бол?
Урссан лаа шиг бєхгєр cap
Уулын хэцэд зvvрмэглэжээ, Аморэ!
Vгийн дарс цээж дvvрлээ
Vvдээ тайлаад шvлэг сонс оо
Vнсээд vхэхэд л жаргах Аморэ!
Б.Явуухулангийн ” Аморэ”-тэй харьцуулахад Урианхайн энэ vгс яруу найргийн илvv нарийн дvрслэлvvдээс бvтжээ. “Урссан лаа шиг бєхгєр cap” гэж их гоё юм аа. Ийм саран доор “vнсээд л vхэхэд аз жаргалыг амсч болох” тийм гоо бvсгvй суугаад энэ мєрvvдийг уншвал vнэн сэтгэлээсээ уншиж хэрэв зээ чадвал, тэр эмэгтэй туйлын дээд аз жаргалыг мэдрэх биз ээ.
Галын дєл шиг
Ганц улаан навч
Намрын салхинд тасраад
Тэнгэр єєд хийсч явна
Би уулын бэл рvv
Уруудаж явахдаа зєрлєє гэсэн vгс бас тэр ертєнцийн хаа нэгтээ мєнхєрч сийлэгдсэн байдаг. Бэлээс хийссэн навч уулнаас бууж яваа хvнтэй зєрнє гэдэг яруу найрагч л сэрж чадах гайхамшиг болой. Ер нь яруу найргийн амин сvнс дэвшvvлсэн санаанд гэхээсээ, тухайн агшны гоо сайхныг олж харахад л байдаг. Тухайн агшны гоо сайхныг мэдрэхэд vндэстэн ястны зааг ялгаа, ахуй амьдралын хэв маяг, цаг vеийн ямарваа хувьслыг даван туулах мэриймж гэх мэтийн зvйлс, тунхаглал цол хэргэм, юм мэдэхгvй уншигчдын тархийг угаах сурталчилгаа зэргийн заль мэх ямар ч нэмэргvй. Гагцхvv тухайн хvний дотоод ертєнц жинхэнэ яруу найргийн ертєнц л байхад бvрнээ хангалттай. Урианхайн ертєнц ер бусын, дасал болоогvй, этгээд хачин vзэгдлээр дvvрэн. Нэгэнтээ Дугтуй дvvрэн євєл хэмээх ганцхан мєр шvлэг тэр бичжээ. Ганцхан мєр, “Захиа” гэдэг нэртэй энэ євєрмєц шvлэгт єчvvхэн ч чамирхал байхгvй. Яруу найрагчийн ертєнц дэх гээгдмэл, мартагдмал шуудангийн хайрцагт тийм л захиа ирж. Солгой, товчхон, хvйтэн захидал. Захидлаас vvдсэн эмзэглэл. Ийм эмзэглэлгvй яруу найрагч бол яруу найрагч биш. Магадгvй ийм эмзэглэлийг мэдэрч vзээгvй хvн бол амьд явж vзсэн хvн биш дэг ээ.

…Голын бургасанд хоёр дуугай шувуу

Гомдсон ч ижлvvд шиг баярласан ч ижлvvд шиг
Єєд єєдєєсєє дуугай нисэх нь
Учрах ч юм шиг, зєрєх ч юм шиг харагдан
Харахаас нvд хальтрам…
Тэдгээр шувууд учрах болов уу, зєрєх болов уу? Шувуудын ємнєєс яс нь хавталзаж буй найрагчийн зvрхнээс унасан энэ vг бол орчин цагийн монгол яруу найргийн олз юм. Яруу найраг гэдэг ийм халгам, ийм зовиуртай, ийм амттай. Яг л хурц нар руу харахад гялбасан нvднээс урсах нулимс шиг, тийм гайхамшигтай гэрэл гэгээний цочирдон балмагдам их цутгалан. Харамсалтай нь, манай яруу найрагт ийм vгс цутгаж, оволзож хуралдсангvй. Нулимс мэт єчvvхэн багаар ивлэсээр л тєдийлєн их бус савыг vл бялхан vзэгдэж байна. Сав руу тонгойгоод бичилхэн далайг тєсєєлж болно. Тэр л бяцхан усанд тусагч нарыг харж, тэр бяцхан ус “нар тэмтрэн бvлээцэж буйг” мэдэрч болно. Энэ л бидний олз юм.
2005.06.02
Утга зохиол урлаг
Гvн овгийн Г.Аюурзана

No comments:

Post a Comment