Sunday, June 10, 2012

Яруу найрагч А.Эрдэнэ-Очир: Би зүүдлэмтгий, тэгээд зүүдний тэмдэглэл хөтөлдөг юм

Яруу найрагч А.Эрдэнэ-Очир: Би зүүдлэмтгий, тэгээд зүүдний тэмдэглэл хөтөлдөг юм
Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын тэмдэглэлийн дэвтрээр аяллаа.

Нуулгүй хэлэхэд бичгийнх нь хэвийг гаргахгүй эхэндээ жаахан будилсан. Гэхдээ л “Голын эрэг дээр”, “Санамсаргүй”, “Зам” зэрэг аль хэдийнэ хүмүүст танил болсон шүлгийг нь уншихдаа түүртсэнгүй. Бидний яриа шүлгээр эхлэв. Тэрээр “Унаган насандаа сойсон хүлэг чинь Уртын замдаа сайн яваг Тоосыг чинь харж суугаа Тоотой хүний нэг би юм шүү” энэ шүлэг миний сэтгэлээс гардаггүй. Б.Лхагвасүрэн ахын мөртүүд байгаа юм. Утга зохиолын амьдралд хөл тавихад том ташуур өгсөн нь яахын аргагүй энэ хүн” гэв.

Түүний дэвтрүүд шүлгээр баян. Дурсамжаар дүүрэн оюутан ахуй цагийнх нь дэвтэр өөр газар байгаа болохоор энэ удаа үзүүлж чадахгүйдээ уучлал хүсч байв. Яруу найрагчийн дэвтэр шүлэг, гүн бодрол, уран үгс бас түүний зүүдэлсэн зүүдээр дүүрэн. А.Эрдэнэ-Очир “Зүүд зөнтэй” гэдэгт итгэдэг учраас зүүдний тэмдэглэл хөтөлдөг юм байна.

-Яруу найрагчийг тэмдэглэлийн дэвтэргүйгээр төсөөлөх аргагүй. Та хэдэн настайгаасаа тэмдэглэлийн дэвтэртэй нөхөрлөж эхлэв?
-1984 он байсан юм даг. Манай нэгдлийн ой боллоо. Одоогийн албан газрууд тэмдэглэлт ой болохоор хүмүүст дэвтэр бэлэглэдэг шиг тэр үед ч мөн тэгж таарсан юм. Аав маань нэг өдөр хатуу хавтастай, зузаан, их гоё дэвтэр авчирч билээ. Тэгээд надад өмнөх үг бичиж, гарын үсгээ зураад өгсөн. Би анхны дэвтэр дээрээ их зохиолч Д.Нацагдоржийн өнгөт зургийг нааж, мөн суут хүмүүсийн хэлсэн ишлэлийг бичиж их л нандигнаж байсан санагдана. Анхны шүлэг, тэмдэглэл маань тэр л дэвтэрт үлдсэн.

-Аав тань өмнөх үг бичиж өгсөн гэлээ. Яг ямар үг байсан юм бол. Санадаг уу?
-”Хүлэг болгон хурдан байдаггүй. Гэхдээ чи хурдан хүлэг болоорой. Хүн бүхэн алдартан байдаггүй. Гэхдээ чи сайн хүн болоорой” гэсэн утгатай мөрт байсан санагдана. Манай аав шүлэг бичдэг нутагтаа алдартай ерөөлч, магтаалч хүн байлаа. Одоо тэр дэвтэр олддоггүй юм. Уг нь байсан бол их л дурсамж үлдээх байж дээ. Тэнд манай ангийнхан намайг зурж, дээр нь миний шүлгийг нь уншиж, биширч явсан Б.Лхагвасүрэн ахыг зурсан байж билээ.

-Яруу найрагчийн дэвтэр шүлэг, яруу найргаар баян байх нь аргагүй. Шүлгийн анхны мөртүүд буусан дэвтрээ нандигнана биз?
-Тийм ээ. Ер нь анзаараад байхад бүтээлээ буулгасан дэвтэр олон байна. Түүнээс биш “Өнөөдөр би тэглээ ингэлээ” гээд бичээд байх сонин биш. Үүнийг би хэрэггүй тэмдэглэл гэж боддог. Ажил хэргийн тэмдэглэл бол байлгүй яахав. Жишээлбэл, “Өнөөдөр Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн хурал боллоо. Үүнд тэр тэр хүмүүс ирж, тийм асуудлын талаар ярилцлаа” гэсэн тэмдэглэл байх нь зөв юм. Миний 2006 оны тавдугаар сарын 27-нд бичсэн нэг тэмдэглэлд “Г.Мэнд-Ооёо, Ц.Чимэддорж, Ц.Бавуудорж, Ш.Лхамноржмаа бид Донойн хөндийн нисэх буудалд буугаад, Алдархаан сум орлоо. Цаашаа Тэхийн зогсоол, Явуугийн төрсөн бууцанд очив. Энд Дэлхийн яруу найргийн 26 дугаар их хурлын сүлд тугийг дэлгэлээ” гэсэн байна. Энэ бас л нэг түүх өгүүлээд байгаа биз.

-Таныг зүүдний тэмдэглэл хөтөлдөг гэж сонссон?
-Хүмүүс зүүд зөнтэй гэж ярьдаг. Урьд нь болсон юм аа зүүдлэх үе бий. Зүүдэндээ үзсэн зүйл нь амьдралд нь давтагдаж л байдаг. Би их зүүдлэмтгий хүн. Тэгээд зүүдний тэмдэглэл хөтөлж байх нь зүйтэй юм гэж бодлоо. Нэг удаа би хаан, хүү хоёрын төр залгаж байгааг зүүдлээд түүнийгээ шөнө нь биччихсэн байсан. Маргааш нь манай хүн “Юу болов яав” гээд л өнгөрсөн. Ер нь их олон шүлэг зүүдэнд ирдэг. Түүнийгээ сэрээд хурдан тэмдэглэхгүй бол өглөө мартчихдаг.

-Тэгвэл зүүднээс тань олон шүлэг төржээ?
-Хүмүүст хүрээгүй шүлэг олон бий. Тухайн үед бодогдсон зүйлийг яг тэр үед нь буулгах хамгийн үнэ цэнэтэй. Ерөнхийдөө шүлгийн санаа, дөрвөн мөртүүд орж ирсэн байдаг.

-Зүүдний тэмдэглэлээсээ хуваалцахгүй юу?

-/Тэрээр 2010 оны тавдугаар сарын 02-нд бичсэн тэмдэглэлээ уншиж сонирхууллаа/ Нэг их сүрлэг уулсын хормой бэлд хүлэг морьд тоноглож чимэглэсэн тэрэгтэй оршуулгын ёслол болно. Анхилмал зандан үнэрт хүрэн авсны дэргэд эртний бичгийн мэргэд хүлэг баатрын ёсоор хувцаслан товхиносон нь яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Б.Лхагвасүрэн гуай нар байв. Би ихэд гайхан “Та нар юунд хамт ирэв” гэтэл Б.Лхагвасүрэн ах “Би Монголын Хэл утга зохиолын номын их хүнийг авч” ирлээ гэв.

Харин Ү.Хүрэлбаатар ах “Хүн орчлонгоос зүгээр нэг явчихдаггүй юм. Би явахынхаа өмнө нэг ёслол үйлдэх ёстой” гэж хадны ёроолд гал асаана. Хээр хөдөө байвч тэнд олон хүн цуглан уйлалдана” Үүнийг зүүдлээд үүрээр сэрээд эрхи барьж маань уншсан маань өнгөрсөн оны тавдугаар сарын 2-нд билээ” гэжээ.

-Зүүд зөнтэй гэдэг. Биелсэн тохиолдол олон уу?
-Биелсэн зүүд олон. Би ихэвчлэн яруу найрагчдаа зүүдэлдэг их сонин шүү.

-Хоёулаа эргээд тэмдэглэлийнхээ дэвтрийн талаар ярилцъя. Бүтээлээр дүүрэн дэвтэр гэдэг үнэ цэнэтэй байх нь ойлгомжтой. Дэвтрээ хаяж, гээж байв уу?
-1998 онд Замын-Үүдэд явж байгаад машинаас цүнхээ алдчихсан. Түүнд бүтэн номын шүлэг, “Хайрын буруу байхгүй” жүжгийн зохиол маань байсан. Тухайн үедээ их харамсч байсан. Тэр зохиолууд эргэж санаанд орохгүй байгаа болохоор тааруухан л юм байсан байлгүй. /инээв/

-Таны бичгийн хэвийг гаргаж уншихад хэцүү юм аа?
-Тийм шүү. Толгойд орж ирсэн тухайн санааг хурдан буулгахын тулд ингэж бичихээс өөр аргаг үй. Хааяа өөрийнхөө бичгийг гаргахгүй үзэж тарна. Харин сүүлийн үед туршлагажаад ямар ч муухай бичсэн түүнийгээ гаргачихдаг болоод байгаа.

-Яруу найрагчид нас тогтоод ирэхлээр үргэлжилсэн үгийг зохиол руу ордог гэдэг. Таны хувьд?
-Бодож санаж яваа зүйл маш их байна. Би амьдралдаа нэг өгүүллэг, тууж, романы ном гаргана гэж боддог. Тэгээд л болно.

-Яагаад?
-Олон хэрэггүй. Өөрийгөө ч зовоогоод бусдыг ч залхаагаад байх хүсэл байдаггүй.

-Та нэгэнтээ Монгол эх хэл, яруу найргийн үнэ цэнэ алдагдлаа гэж ярьсан. Тийм эмзэглэл үнэхээр ажиглагдаж байна уу?

-Тийм ээ. Дунд сургуульд л гэхэд уран зохиолын хичээл орохгүй болсон. Утга зохиол, яруу найраг гэдэг хүнд гэгээрэл, шаналал, ариусал өгдөг. Хүн тэр хэрээр дотоод гоо сайхныг мэдэрч ойлгодог юм. Эх хэлний яруу сайхныг өнөөдөр яруу найрагчид, зохиолчид л хадгалж авч явна. Хөөдөөгийн Эрдэнэбаатар яагаад баруун монгол аялгаар шүлэг бичээд, П.Нямлхагва яагаад сонин содон хэллэгтэй шүлэг туурвиад, Бавуугийн шүлэгнээс нэг л өвөрмөц үнэр үнэртдэг вэ гэвэл бүгд нутаг ус, монгол хэлнийхээ яруу тансаг байдлыг авч үлдэхийн төлөө юм.

Т.Батсайхан

No comments:

Post a Comment